Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат багш З.ЦЭВЭЭНРАВДАН: Дундговийн багш нарын тал хувь нь миний шавь нар юм

Монгол Улсын гавьяат багш, Дундговь аймгийн Сайнцагаан сумын зөвлөх багш З.Цэвээнравдантай ярилцлаа. Тэрээр 1965 онд УБДС-ийг онц төгссөнөөс хойш 50 гаруй жил Монголын боловсролын салбарт ажиллаж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авьяас билгийг хөгжүүлэх талаар 20-оод ном сурах бичиг, 500 гаруй өгүүлэл бичсэн бахдам түүхтэй ахмад багш юм.


-Монголын 30 гаруй мянган багш ажил хаяна хэмээн мэдэгдэж, жагсаал хүртэл зохион байгуулсан. Энэ асуудлаар ямар байр суурьтай байсныг тань юун түрүүнд сонирхмоор байна?

-Ер ажил хаяна гэдэг аль ч улсад байдаг үзэгдэл биз. Гэхдээ монгол хүний сэтгэхүйн хөрсөнд яасан ч сайн зүйл биш болов уу. Тэр дундаа хүүхэд залуу, үеэ хойноосоо дагуулж хүн болсон, хүн байх замд хөтөлдөг багш хүн ажил хаяад байвал сурагч шавь нар маань том болоод ажил, малаа орхиод байвал ямар олиг байхав. Гэхдээ ажил хаяхгүйгээр зохицуулж болох ухаан, ухамсар багш нарт байх л учиртай. Нийгмийн ба төрийн ухаан, төрийг барьж буй хүмүүсийн тэр дундаа боловсролын төрийн бодлогын толгойд байгаа хүмүүсийн мэргэн ухаан, эдийн засгийн тэнцвэртэй шийдэл, алсыг харсан хараа, авч хэрэгжүүлэх тухай бүрийн арга хэмжээ орхигдсоноос нэг ийм юм болов уу даа. Төр засаг маань сайжирч, түмэн олон маань тогтворжиж, тохижиж чадвал ажил хаялт аяндаа хэрэггүй болох биз. Төрийн мэргэн бодлого, түмэн олны тэсвэр тэвчээр, эдийн засгийн эргэлт сэргэлт энэ бүхэнд хариу өгнө байх. Багш нар маань дэлхийн жишгийн цалин хөлс, урамшуулал шаардаж байна л даа.

-Багш нарын унасан нэр хүндийг өсгөх гол түлхүүр нь эдийн засгийн хөшүүрэг гэж үзэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хөгжсөн, хүчирхэгжсэн гадаад улсыг дуурайх нь юу л бол. Монгол орны, монгол хүний онцлог тэр дундаа эрдэм боловсролтой, ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүжил, соёлтой үнэхээр чамбай сайн мэргэжилтэнд өндөр цалин пүнлүү олгох нь шударга явдал. Их сургуулиа онц төгссөн ч сайн багш болох баталгаа бас биш. Гагцхүү “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр санаж, сэдэж, өөрийгөө хөгжүүлж, өрөөлийг ч хурцалж, бэрхшээлийг давж, ухаан хүч гаргаж байж л сайн багш болдог юм шүү дээ. Мэдлэг мэргэжлээ ажилдаа бүрэн дүүрэн ашиглаж, зүрх сэтгэлээрээ ажилласнаар л багш хүн үнэлэгдэх учиртай. Цалин цуух ч энэ журмаар л өндөр байдаг журам бий болгох нь мэдээж зүйтэй. Хавтгайрсан цалин, хавтгайрсан халамж л дундчуулыг бий болгоод байгаа нь нууц бус. Энэ талаар өөрчлөлт гарах байлгүй дээ.

-Өнөөгийн боловсролын тогтолцоо аль хэр зөв явна гэж ахмад багшийн хувьд үздэг вэ?

-Ер нь манай боловсролын тогтолцоо буруу явж байгаа гэж бодохгүй байна. Эдүгээ дэлхийн боловсролын тогтолцоотой “айлсах” гээд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монгол орон, монгол хүний онцлог шинж тэр дундаа монгол сэтгэхүйг голлон анхаарч, монгол ахуй амьдралынхаа хөрсөн дээр хүмүүжлийн талыг барьсан сургалтын тогтолцоо нэн чухал юм шиг санагддаг. Бүр 20, 30-аад оноос эхлээд л Зөвлөлтийн маягийн тогтолцоо сургалт явсаар, 90-ээд оноос барууны маягийн гэх тогтолцоо сургалт явж байна шүү дээ. Үүнд эерэг, сөрөг тал байсаар байгаа. Эерэг тал нь, тал талын мэдлэг боловсролтой болгох, танин мэдэхүйн мэдээлэл өгөх. Сөрөг тал нь бүхнийг бүгдэд сургах, тэр нь үр дүн муутай, цаг хүч тарамдсан, сургалт нь голлоод хүмүүжил нь орхигдоод байна.

-Биднийг хүүхэд байхад Багш сонгон гэж байлаа. Ер нь тэр хаанахын санаачилга байв. Үр дүнгийн талаар ярина уу?

-Багш мэргэжлийг сонгоно, сонгуулна гэдэг нь хамгийн чухал суурь юм. 1979 оноос манай аймаг болоод бусад дөрвөн ч аймагт “Багш сонгон” гэж эхлэн байгуулж их үр дүнтэй ажиллаж байсан. Энэ бол тухайн үедээ манай төр, Яам, Багшийн их сургуулийн бодлого санаачилгаар бий болсон, сургалт хүмүүжлийн ажил байсан. СХУ-ны эрдэмтэд Ц.Няндаг, С.Нэргүй, Л.Цэрэнсодном, С.Чулуундорж, Б.Бор, Отгонсүрэн, Жамц гээд олон хүмүүс ирж их тусалдаг байлаа. Тухайн үедээ би бээр сургуулийнхаа ахлах ангийн хичээлийн эрхлэгч байсан учир надад хариуцуулж 2000 он хүртэл бараг 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан. Сургуулиудаас наймдугаар ангиа сайн, онц дүнтэй төгссөн, цаашид багшийн мэргэжил сонгох хүсэл сонирхолтой, хүүхдийг эцэг эхтэй нь зөвшилцөж тусгай шалгалт авч “Багш сонгон”-д элсүүлж байсан. Багш сонгон төгссөн сурагчдаас яамны дэд сайд Б.Ургамалцэцэг, их дээд сургуулиудын багш нар, С.Батцоож, Б.Одонтуяа, С.Оюунчимэг гэхчлэн яам тусгай агентлагуудын хэлтэс, газрын дарга нар, сэтгүүлч, эрдэмтэд, олон хүмүүс төрж гарсан. Бас зохиолч яруу найрагчид олон бий. “Багш сонгон” төгссөн үр дүн бол, нэгдүгээрт, багшийн ажил мэргэжилд, үнэнхүү зүрх сэтгэлээ өгсөн хүнийг сонгож шалгаруулж авдгаараа, хоёрдугаарт, сэтгэхүйн хурд сайтай, бодох, бичих чадвартай, ярианы дадлагад суралцдагаараа, гуравдугаарт, хүмүүжлийн түвшин, даруу, соёлч байдал, бас ч монгол ёс зан уламжлалаа мэддэг, хүнтэй зөв харилцаж, хүний үгийг сонсож хүлээж авдаг чанараараа, дөрөвдүгээрт, бас ч урлаг уран сайхан, спортын төрөл авьяас, зохион байгуулах анхны арга зүй эзэмшсэнээр бусдаас арай ялгагдаж байсан болов уу. Ер багшийг багаас нь ингэж зүгшрүүлж байж мэргэжлийн их дээд сургууль, коллежид бэлтгэж өгөх нь уламжлал болбол нэн сайн сан.

-Та өөрөө хэдэн онд багш болж байв, хэрхэн энэ мэргэжлийг сонгож байв?

-Биднийг аравдугаар анги төгсөхөд багш, эмч, инженер, эдийн засагч, ХАА-н мэргэжлээр олон хуваарь ирж сургууль багш нар өөрсдөө мэдэж багшийн мэргэжилд хуваарилж байсан. Сурлага, хүмүүжил, төлөвшил их харж байсан байх. Бидний 47 төгсөгчдөөс 11 хүүхэд УБДС-д хуваарилагдаж хотод шалгалт өгөөд бүгд тэнцэж дөрвөн жил суралцаад, 1965 онд төгсөж ес нь төрөлх аймагтаа ирж Төв хөдөөгийнхөө сургуульд багшилсан. Би бээр дөнгөж төгссөн жилээ Дэлгэрцогт сумын дунд сургуулийн хичээл эрхлэгчээр 23-хан настайдаа очиход таних айл, хүн байхгүй, хэцүү л юм шиг санагдаж байсан. Гэрт ганцаар, хэдэн номтой чемодантай л айл гэр болов. Ахмадаасаа асууж, сурч, ажил албаа эхэлж байв шүү дээ. Тэр үеийн ахмадууд ажилч хичээнгүй, хүнлэг сайхан, ахчлах дүүчлэх ёсыг айхтар мэддэг лут хүмүүс байсан нь надад ганцаардахын зовлон олгоогүй. Авдаг цалин пүнлүү ч амьдралд хүрэлцэж, сум сургууль төв удирдлага зааж зөвлөж, хянаж, шахаж, шаардаж, хатуу хэцүү үг ч дуулж, магтаал сайшаал ч хүлээж, нэг ёсондоо, сургуулийн танхим, ахмад багш нарын дунд л багш болсон доо. Мэдээж 50, 60-аад онд багшийн нэр хүнд маш сайн байсан. Бүгд биднээс ахмад хүмүүс хэр нь дандаа “Багш” гэнэ. “Та” гэж хүндэлнэ. Улс төр, соёл боловсрол, гадаад орон, газар дэлхийн янз бүрийн юм багшаас асууна. Энэ бүхэнд барьц алдахгүй, мэдлэг мэдээлэлтэй байх нь бас л нэг нэр хүндийн асуудал. Ерөөс багш хүн зөвхөн мэргэжилд явцуурч болохгүйг тэр л үеэс сайн ойлгосон. Тэгээд ном, хэвлэл, мэдээлэлтэй байнга танилцах, иргэд хөдөлмөрчдөд лекц яриа хийх, бага хурал, семинар зохион байгуулах, соёл спорт, олон нийтийн ажилд оролцох гээд багшийн ажлын хажуугаар олон ажил хийдэг байлаа.

-Ер нь багш хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Бидний өвөг дээдэс, ухаантнууд “Байгуулаагүй төрд баатар жанжин хэрэгтэй, байгуулсан төрд багшлах мэргэд хэрэгтэй” гэж сургасан. Төр нийгэм тогтвортой, түмэн олон амгалан байхад багш хүний ухаан, ухамсар, арга зүй, үг сургаал чухлыг заасаар ирсэн. Тиймээс багш бол хүн судлал нийгэм талаасаа хүнийг хүмүүжүүлж, хүн болгох, хүн байх арга зүйд хөтлөгч, хувь хүн талаасаа хүүхэд залуу үе ард олноо соёлжуулан гэгээрүүлэгч сургагч өртөггүй эрдмийн өглөгчид билээ. Шударга шаардлага, хариуцлага, сахилга бат, хууль дүрмээ ягштал биелүүлэх нь багшийн нэр хүнд юм шүү.

-Та багшлахын зэрэгцээ олон ном бичсэн. Дундговийн сургууль багш нар, Далай эрдмийн 70 жил, Эрдэмд хөтөлсөн эрхэм сургууль минь, Нэгэн жаран, Сайхан овоогийн захирлууд… гэхчлэн хөвөрч байна. Залууст, залуу багш нарт хандаж юуг захимаар санагддаг вэ?

-Юм бичнэ, зохионо гэдэг оюун ухааны хөгжлийг түргэтгэх нэг дасгал юм даа. Сурган хүмүүжүүлэх ажлын зэрэгцээгээр сургууль багш нарынхаа сургалт хүмүүжлийн арга зүй ололт амжилт, санал санаачилгыг бусдад дэлгэрүүлэх, ерөөс хүн хүмүүжих орчин ахуй, хүн болох, хүн байх тэр нөхцөл бололцоог сургууль сургалтын хөрсөнд буулгах чиглэлээр ном сурах бичиг нэлээдийг бичсэн. Эдүгээ хүний мөс чанар мандаж буй нарны туяа адил гийгүүлж байх атал шингэж байгаа нарны гэгээ шиг бүдгэрч буйд багшийн хувьд ч ахмад хүний хувьд ч сэтгэл зовниж, сүүлийн арваад жил энэ сэдвээр ном өгүүлэл, нийтлэл, ярианы сэдэв олныг бичиж, төв ба орон нутгийн хэвлэл мэдээллээр сурталчиллаа. Хүн хүнээсээ сурна, хүмүүжинэ гэж олон шавь нар оюунлаг залуустаа захья даа. Монгол хүмүүн бид оюу толгойгоос хөгжихөөс илүү оюунлаг толгойгоор илүү хөгжинө.

-Академич Домийн Төмөртогоотой хөөрөлдөж суухад Дундговь аймагт З.Цэвээнравдан гэж мундаг багш бий гэж байсан. Үнэхээр Дундговь аймагт танаас номын дуу сонсоогүй хүн ховор байх. Даруу загналгүйгээр, шавь нарынхаа тухай яривал?

-“Буйраа сахиж үлдэнэ” гэгчээр төрсөн алтан нутаг, төгсгөсөн ачит сургууль багш нарынхаа дэргэд бараг нэгэн жарныг өнгөрүүллээ. Аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль Дэлгэрцогт, Эрдэнэдалай сумдын дунд сургуулиудад багш хичээл эрхлэгч, менежер ажлыг 40 гаруй жил хийсэн байна. Нарийн тооцож гаргаагүй боловч 5500 гаруй шавьтай болжээ. Олон шавь нарынхаа дотроос Хөдөлмөрийн баатар, академич, доктор, профессор эрдэмтэд, гавьяат цолтон, сайд дарга нар, УИХ-ын гишүүд, Элчин сайд, консулууд, цэргийн генерал, хурандаа цолтнууд гээд ажил амжилтаараа Монголынхоо өнгө жавхаа болж буй олон хүмүүсийг тоочоод баршгүй. Бидний багш сэтгэл судлаач доктор, профессор Содовын Баясгалан гуай Монголын бүх багш нарын 50 гаруй хувь нь миний шавь нэр гэж байсан шиг Дундговийн багш нарын тэр орчим хувь нь миний шавь нар болов уу хэмээн бодож байна. Багш хүн алдар гавьяатан төрүүлэх нь яахав. Эх орондоо, элгэн нутагтаа, эцэг эхдээ хань ижил үр хүүхэддээ хайртай, халамжтай, ажилтай анхиатай, ааш зан төлөв даруу, хүнлэг, хүнийг л хүмүүжүүлж сургавал тэр том гавьяа юм.

-Та 2000 онд Монгол Улсын гавьяат цол хүртэхдээ Гавьяат болох сайхан, гавьяат байх хэцүү гэсэн үг хэлж байсан. Одоо харин Ардын багш-аар тодорхойлоод байгаа юм байна. Энэ талаар та дуулсан уу?

-Сайн багш, шавь нарынхаа буянаар гавьяат гэдэг цолыг хүртээд 20-оод жил болж байна. Үнэхээр гавьяат болох сайхан, гавьяатай байх хэцүү. Цол шагнал бол цаашид илүүг хийж, ихийг бүтээгээрэй гэж өгч буй үүрэг даалгавар юм даа. Төр түмний энэ хүндэт үүргийг биелүүлж байна. Тэр сайхан алдар, хайр хишгийн хариуг барина. Тэгэхээр санаж сэдэж ажиллахгүй байж болохгүй. Аймаг, сум, сургууль хамт олон маань “Ардын багш”-аар тодорхойлсон юм билээ. 2013 онд энэ тухай аймгийн удирдлагууд надад хэлж байсан.

Хамгийн гол нь авах алдар цол яахав. “Цол дагаж бяр” гэж байдаг ч, насны нар үд хэдийнээ хэвийж, орой тийш хүүшлэж байгаа энэ цаг хугацааг зөв хожиж, ашиглаж, хүнд зааж сургах, гэгээрүүлэхэд туслах тэр л үүрэг улам нэмэгдсээр байгааг бүр ч илүү ойлгож байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *