Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг хааж үг хэллээ.
Монгол
улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч х.баттулга “аравт” олон
улсын морин цэргийн уралдааныг хааж:
“Дайчид аа, албан хаагчид аа
Хүндэт зочид оо, найз нөхөд өө!
Морьтон монголчуудын эх оронд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг амжилттай зохион байгуулсанд миний бие нэн баяртай, гүн талархалтай байна.
Морин цэргийн анхдугаар уралдаанд оролцож, бэрхийг туулж, саадыг даван барианд орсон бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.
Монголын шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуудад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй. Удахгүй 80 жилийн ойг нь тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалтыг авчралцсан гавьяатай юм. Бид Халхголын түүхэн ойг мөр зэрэгцэн тулалдаж явсан анд нөхөдтэйгөө өргөн тэмдэглэхээр зэхэж байна.
ОХУ-ын санаачилгаар зохион байгуулагддаг “Цэргийн тоглолт” олон улсын уралдааны хөтөлбөрт энэ жилээс шинээр “Аравт” морин цэргийн уралдааныг оруулж, анхных нь тэмцээнийг Монгол Улс зохион байгуулсанд бид онцгой ач холбогдол өгч байгаа.
“Аравт” морин цэргийн тэмцээн юуны өмнө уламжлалт найрамдал нөхөрлөл, ард түмнүүдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тустай. Түүнчлэн аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг ханган бэхжүүлж, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхлыг хамтын хүч, нягт ажиллагаагаар хангах бэлтгэл болж, итгэлцлийг нэмэгдүүлж байна.
“Цэргийн тоглолт” олон улсын уралдаан жилээс жилд хүрээгээ тэлэн байгаатай зэрэгцэн “Аравт” морин цэргийн уралдаанд оролцогчдын тоо ч нэмэгдэж, улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байна.
Уралдаанд оролцсон баг, тамирчдад дахин талархал дэвшүүлж, сайн сайхныг ерөөе.
Морьтон дайчдын өлгий нутагт дахин баяртай уулзаж, хүч чадлаа сорих, ур чадвараа гайхуулахыг урья.
Баярлалаа” гэж хэллээ.