Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын баруун, зүүн цэгт тагнуулчдын дурсгалын хөшөө босгожээ DNN.mn

Орчин цагийн Тагнуулын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна.

Тус ойг тохиолдуулан Хилийн тагнуулын газраас санаачлан тагнуулчдын дурсгалын хөшөөг эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын Хамар даваа, баруун хязгаарт Ховд аймгийн Булган сумын нутагт орших Алаг толгойд босгож, өчигдөр нээжээ.

Эх орны зүүн цэгт сүндэрлэсэн тагнуулчдын дурсгалын хөшөөний нээлтийг хилийн цэргийн 0198 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв.

Тагнуулын байгууллагын түүхээс сөхвөл Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараагаар Монгол орны гадаад, дотоод нөхцөл байдал туйлын хүнд байсан үед өөрийн засаглалын тогтолцоогоо буй болгохын хамт гадаад орны тагнуул, туршуул, эдийн засгийг шулан мөлжигчтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулж байсны дийлэнхийг Монгол орны тусгаар тогтнол, эдийн засагт аюул занал учруулж байсан хятадын цагаачид, банк, худалдааны байгууллагынхантай хийсэн тэмцэл эзэлдэг.

Энэ үед гадаад тагнуулын ажил явуулах гол хэлбэр нь бадарчлан тэнүүчлэн явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг гол төлөв ашигладаг байсан байна.

Тухайлбал, хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг, “япон” хэмээх А.Данзан Япон, Хятад, Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхирваа Орос, Халимаг, Турк, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвд, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган “Ар, Өвөрмонголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдэх”-ээр Хаант Орост удаа дараа, чин ван Л.Дашдэндэв Хятад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон Шинжааны нутгуудаар хэдэн жилээр явдаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *