Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран Монгол Улсад малын зохиомол хээлтүүлгийн технологи нэвтрүүлсний 60 жилийн ойд зориулсан онол, үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Бага хурлын эхэнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батсүрэн, ХААИС-ийн МААБС-ийн захирал, доктор О.Баатарцогт нар нээж үг хэлсэн.Малын үржүүлэг, биотехнологийн салбарын үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид, инженер, техникчид оролцсон бага хурал бүхэлдээ Монгол Улсад зохиомол хээлтүүлгийн технологи нэвтрүүлсэн түүхэн үйл явц, зохиомол хээлтүүлгийн технологийн дэвшил, хөгжил, үйлдвэрлэлийн үр дүн, хөврөл шилжүүлэн суулгах технологи, төрөөс мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, эрх зүйн орчны шинэчлэл зэрэг асуудалд төвлөрч, хуралд оролцогчид өөрсдийн санал, сэтгэгдлээ илэрхийлж байв.
Малын үржүүлэг, биотехнологийн олон арга дотроос ашиг шим арвин, нэг хээлтүүлэгч малын үрийг хиймэл аргаар авч, олон хээлтэгч малд нэг дор суулгаснаар олон төл зэрэг авах зохиомол хээлтүүлгийн арга дэлхийд 1940-өөд оны эхэнд үйлдвэрлэлд нэвтэрчээ.
Манай улсад энэ арга 1953 оноос туршилтын журмаар нэвтэрч, улмаар 1958 онд улсын хэмжээнд нэвтрүүлэхээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 31 дүгээр тогтоол батлагдан, уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн яамны сайдын 189 дүгээр тушаал гарч, хот орчмын сангийн аж ахуй, нэгдлүүдийн малд зөөвөр үрээр зохиомол хээлтүүлэг явуулах малын зохиомол хээлтүүлгийн станцыг Улаанбаатар хотод байгуулах шийдвэр гаргажээ.
Энэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үржил-зохиомол хээлтүүлгийн станц 1961 онд 10, 1965 онд 30-ыг байгуулж байсан бөгөөд энэ үед нэг бухнаас 80-150 тугал, нэг хуцнаас 250-350 хурга авч байжээ. Зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарсан эрлийз үхэр нь монгол үхэрнээс 5-10 дахин их сүү, махны үхэр 60-70 кг-аар их мах өгдөг сүрэг бий болж, 1990 оны эцсийн байдлаар цэвэр эрлийз үхэр 252.4 мянга, цэвэр эрлийз хонь 1.2 сая, цэвэр эрлийз ямаа 427.9 мянгад хүрч, зохиомол хээлтүүлгийн аргаар жилд 1.9 сая хонь, 40 мянга гаруй үнээг хээлтүүлж байжээ.
1980 оноос малын үрийг -196 хэмд хөлдөөн хадгалах, ашиглах технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 256 дугаар тогтоолоор “Хээлтүүлэгч малын үрийн улсын сан”-г байгуулж, 1984 оны БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 356 дугаар тогтоолоор “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц” болгон өөрчлөн зохион байгуулав.
Энэ станцын хүрээнд саалийн механикжсан орчин бүхий аж ахуй, махны чиглэлийн үхэр үржүүлдэг 9 сангийн аж ахуй, Архангай, Булган, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймгуудын эрчимтэй эрлийзжүүлгийн бүсийн 38 нэгдлийн үнээг гүн хөлдөөсөн үрээр зохиомлоор хээлтүүлэх шинэ технологи нэвтрүүлж, жилд дунджаар 40 орчим мянган үнээг хээлтүүлж байжээ.
Малын зохиомол хээлтүүлгийн төв станц 1985-1990 онуудад нийт нэг сая тун үр үйлдвэрлэн, зохиомол хээлтүүлэгт 569 мянган тун үрээр давхардсан тоогоор 144 мянган үнээ хээлтүүлж, 71.2 хувиар буюу 102.5 мянган үнээг хээл авахуулж, хар тарлан, алатау, симменталь, талын улаан, лиммузин, герефорд бухны бүгд 439.2 мянган тун үртэй болсноос гадна 1995 оноос хойш Орхон, Ерөө, Хангай, Халх, Байдраг, Үзэмчин, Барга үүлдрийн хуцны, Баяндэлгэрийн улаан, Залаа жинстийн цагаан ухны үрийн зохих нөөц бий болгожээ.
Хөгжлийн дараагийн үе шатанд малын хөврөл үрийг шилжүүлж суулгах аргыг үнээ, ямаан дээр суулгасан хөврөл үрээс ишиг 379, тугал 18-ыг хүлээж авсан байна. Манай улсад малыг зохиомол аргаар хээлтүүлж эхэлснээс хойших 60 жилд 49 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омгийн арвин ашиг шимт цэвэр болон эрлийз малтай болсон. УИХ-аас 2017 оны 12 дугаар сард Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэгт бодлого, зорилтоо чиглүүлж байна.