Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад энгийн паспорттой 23, албан паспорттой 63 улсын иргэн визгүй зорчино

Засгийн газраас Монгол Улсын олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээлттэй болгож, цар тахлын үеийн хязгаарлалтыг цуцалж буйг албан ёсоор зарласантай холбогдуулан БОАЖЯ-ны санаачилгаар “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт өчигдөр боллоо.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” түүнийг үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн томоохон төслүүдийг баталсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимжүүлэхэд аялал жуулчлалын салбар нэн чухал үүрэгтэйг онцолж, ГХЯ-наас манай улсыг зорин ирэх гадаадын иргэдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал хандуулж, тодорхой ажлуудыг гүйцэтгэж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.

ГХЯ-ны хувьд дэлхийн улс орнуудын сайн жишгийг үндэслэн Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар, гадаадын нийт 25 улсын энгийн паспорттай иргэд, 63 улсын дипломат, албан паспорттай иргэд манай улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтаар нэвтрүүлж байна. Мөн Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон жил ярьж ирсэн хил орчмын аялал жуулчлалын асуудлыг дээрх хууль тогтоомжид тусгаж, хил орчмын нутаг дэвсгэрээр жуулчлах иргэдэд зориулсан 3 хоногийн хугацаатай К3 ангиллын визийг бий болголоо.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн улс орнуудтай соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар гадаад сурталчилгааг эрчимжүүлэхэд чиглэсэн “Монгол Үндэсний үнэлэмж” цогцхөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

ГХЯ Монгол Улсаас хилийн чанадад суугаа 46 ДТГ-аараа дамжуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын бодлого шийдвэр, ажлыг тогтмол сурталчилж байна. Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг сурталчлан таниулах, дэлхийн улс орнуудтай эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байна.

Хилийн чанадад оршин суугаа иргэдийг Монгол Улсаа сурталчлахад татан оролцуулж “1 монгол 1 жуулчин”, аялал жуулчлалын шинэ нөөц боломжуудыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “21 аймаг 21 улс” зэрэг төслийг “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна.

Мөн “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ” буюу вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөхөөр Казахстан, Унгар, Турк, Япон, Энэтхэг, ИБУИНХУ-тай албан ёсоор тохирсон, ЕХ, Канад, АНЭУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улстай яриа хэлэлцээ үргэлжилж байгаа аж.

Цаашид Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, салбарын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан аялал жуулчлалын орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлыг эрчимжүүлэхэд холбогдох байгууллага хоорондын бодлого, ажлын уялдааг хангаж, гадаад сурталчилгааг цогц хэлбэрээр “нэг цонх”-оор удирдан зохион байгуулах нь нэн чухалыг онцлон тэмдэглэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *