Categories
мэдээ нийгэм

Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийн талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна

Өчигдөр Глоб интернэшнл тэргүүтэй байгууллагуудаас “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Юнескогийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Европын холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри нар төлөөлөгчөөр оролцлоо. Харин Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал Монгол Улсаа төлөөлөн Африкийн Гана улсад болж байгаа Дэлхийн хэвлэл мэдээллийн чуулган оролцож байгаа тул хэлэлцүүлэгт видео мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр мэндчилгээндээ “Жил бүрийн тавдугаар сарын гуравны өдрийг дэлхий даяар “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр” (ДХЭЧ) болгон тэмдэглэдэг. 2018 оны ДХЭЧ-ний өдрийг “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шудрага ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэнэ. Чөлөөт хараат бус, ёс зүйт хэвлэл мэдээлэл бол эрүүл саруул, шударга ёст нийгмийн хэмжүүр юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр популист суртал нэвтрүүлэг, үзэн ядалтыг дэвэргэсэн, хүчирхийлэлд турхирсан, мэдээллийн бурууг нийтээрээ нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд тохож, хэвлэл мэдээлэл улс төрийн ухуулга сурталчилгааны зай болов.

Энэ бүхэн нь ёс зүйт, хариуцлагатай сэтгүүл зүйн суурь, гол зарчмуудад эрсдэл учруулж байгаа нь Монголд хэвлэлийн эрх чөлөөнд аюул тулгарч буйн шинж. 2018 оны нэгдүгээр сард хэвлэлийн эрх чөлөөний эсрэг балмад тохиолдол гарсан. Цагдаагийн ажилтан хувийн компанийн хуулийн зөвлөх, компьютерийн шинжээчийн хамт мэдээллийн сайтын байранд зөвшөөрөлгүйгээр дайран орж, айлган сүрдүүлж, өөрийн захиралтай холбоотой мэдээллүүдийг устгахыг сэтгүүлчдэд тулган шаардсан байна. Мөн 2018 оны дөрөвдүгээр сард есөн сэтгүүлчийн утсыг чагнасан тухай мэдээлэл олон нийтэд ил болж, албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай Нийслэлийн Прокурорын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.

Манай байгууллагаас үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчилд хийсэн мониторингийн дүнгээр 2017 оны тавдугаар сараас хойших нэг жилд нийт 140 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 182 тохиолдол бүртгэгджээ. Зөрчил гаргагчийн 30 гаруй хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага ажээ. 2018 онд Монголын шүүх хэвлэл мэдээллийн эсрэг нэр төр гутаахтай холбоотой иргэний 12, эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ.

Монгол Улс 2018 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний тайлангийн хэрэгжилтийн дунд шатны тайлангаа илгээнэ. 2016 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Засгийн газрын “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 204 тоот тогтоолоор батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар өгсөн найман улсын зөвлөмжийг хэрэгжүүлэх 11 арга хэмжээ тусгаснаас ес нь огт хэрэгжиж эхлээгүй байна.

Монголын Засгийн газар 2018 оны үлдэж буй хугацаанд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэж найдаж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг шагналыг Eagle TV-ийн сэтгүүлч У.Болортуяад олгох болсноо зарласан юм. Гэвч сэтгүүлч У.Болортуяа АНУ-д суралцаж байгаа тул хожим гардуулах юм байна.

Х.Бат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *