Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Манай улс анх 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 1947,1948,1949, 1952, 1955, 1956, 1957 онуудад өргөдлөө дахин дахин дэвшүүлж байжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийтдээ 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байдаг.

Түүхийн баримтыг сөхвөл, 1961 оны энэхүү хуралдаанд оролцохоор Монголын Улсаас Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгчид алсын АНУ-ыг зорьсон юм.

No description available.

НҮБ-д элссэнээр өмнө нь зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байсан манай улс, дэлхийн бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн юм.

Улмаар 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоож байжээ.

Хожим нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн “Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. Харин ЗХУ-аас 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм. Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Уг гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд албан ёсны гэдэг нь тодорхой биш байлаа. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан” хэмээн дүгнэж хэлсэн юм.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *