Хүний эрх, эрх чөлөөг чандлан сахидаг ардчилсан Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ноцтойгоор зөрчигдөх болсон. Эхнэрээ, найз бүсгүйгээ хардалт сэрдэлтээс, гэр бүлийн ялих шалихгүй маргаанаас үүдээд хэрхэн яаж тамласан, зэрлэгээр хороосон хүний санаа сэтгэлд буумгүй харгис балмад үйлдлүүдийг бид бараг л өдөр бүр сонсч цочирдох боллоо. Монголын төр “Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж, одоогоос арван жилийн өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан ч эдгээр хөтөлбөр, хуулиуд нь цаасан дээр тунхаг төдий байгаа нь харамсалтай.
Дээрээс нь өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй охид бүсгүйчүүдээ үзэж чадахаа больжээ. Өнгөтэй өөдтэй харагдсан бүхнээ “янхан”, “гичий”-гээр нь дуудаж элдвээр гүтгэн доромжлох болсон. Сошиал ертөнцийн гэх тодотголтой нүүрээ нуусан нөхөд дандаа л хэн хүнд өширхсөн, үнэн голоосоо үзэн ядаж хорссон, атаа хорслын үүр уурхайнууд байх юм. Охид бүсгүйчүүдээ ийн үзэж чадахаа байсан нийгмийн сэтгэл зүй болоод цахим ертөнцийн нөхдийн атаа хорсол, үзэн ядалтаар бялхсан хар хорын дүр төрх саяхны нэгэн жишээн дээр маш тод харагдлаа. Юмны учир ойлгодог, аливаад дагаж далдганаад сэтгэлийн хөөрлөөр сэвээд байдаггүй, буурьтай суурьтай хүмүүст бүр ч илүү ойлгогдох шиг боллоо.
Тэр нь юу вэ гэвэл, Монголд авто засварын үйлчилгээ явуулдаг вьетнам эрчүүдтэй баяраа хуваалцаж буй монгол охидын зурагтай холбоотой шуугиан. Манайд хараар ажилладаг вьетнам нөхдийн нэгнийх нь утас хулгайлагдаж, тухайн утсан дээр байсан зургуудыг хулгайч этгээд интернэтэд цацсан байна. Эд хогшлыг нь хулгай дээрмийн аргаар аваад зогсохгүй хүний нэр төр, хоорондын харилцаа, албан ажилд эрээ цээргүй бүдүүлгээр халдаж, хувийн нууцыг нь олон нийтэд дэлгэсэн. Гэтэл сошиал ертөнцийнхөн энэхүү хууль бус үйлдлийг дэвэргэж, тэнд зураг нь тавигдсан охидыг хүн ёсны үүднээс байж боломгүйгээр доромжилж, хэдэн өдрийн турш элдэв муу муухайгаар хараан зүхэж дээрэлхэв. Элэг нэгтнүүддээ элдвээр хэлүүлж цөхөрсөн охидын зарим нь амиа хорлох гэж оролдсон гэж дуулдаж байна.
Цахим ертөнцөд зураг хөрөг нь тавигдаж, элдвээр хараан зүхүүлсэн хүн төмөр зүрхтэй л биш юм бол цаашдаа санаа амар амьдарна гэж үү. Тэгэхдээ бүр шилжилтийн эмзэг насандаа яваа охид бүсгүйчүүд шүү дээ. Хүний эрхийг, эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн тамын энэ Монголоос оргон зайлахыг бодно, аргаа бараад зарим нэг нь үхэхийг бодож байгаа нь дамжиггүй. Монголчууд бид нэгнээ ийм л байдалтай болгож байна. Тэдгээр охид ингэхэд хүмүүст тэгтлээ үзэн ядуулах, жигшин зэвүүцүүлэх ямар зүйл хийсэн юм бэ. Орчин цагийнхүн төрөлхтний сэтгэхүйгээр аваад үзэхэд гадны хүмүүст сэтгэл татагдажболохгүй юу. Тэгээд хамтдаа баяраа тэмдэглэж, наргиж цэнгэж сууж болохгүй юм гэж үү. Гадныхантай нийлээд дээрэм тонуул хийж, хоёр улсын хооронд хар тамхи зөөсөн бол өөр хэрэг гэхсэн.
Манайхан “Үзээрийн янхнууд” гээд дайраад байгаа. Ер нь тэгээд мөнгө өгөлцөж авалцсаныг, үнэхээр биеэ үнэлснийг баталсан зүйл байна уу, ингэхэд. Насанд хүрээгүй охидын зургийг олон нийтэд дэлгэж элдвээр доромжилж байхад эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах холбоо нийгэмлэг яагаад хариу өгсөнгүй вэ. Зүй нь бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо болоод бусад байгууллагууд мэдэгдэл гаргаж, эрх нь ноцтойгоор зөрчигдөж буйг өмгөөлж хаацайлах байлаа. Хөөрч дэвэрсэн хүмүүсийн доромж гүтгэлгийг хууль зүйгээр зохицуулах байлаа. Гэвч харамсалтай нь тэдний өмнөөс хэн ч дуугарсангүй. Энэ байдлаас харахад бид ямар муухай эвдэрч дээр нь хэтэрхий гэмээр бүдүүлэг харанхуй болж байгаа нь харагдаж байна.
Монгол Улсад охид хүүхнүүдээ цахим ертөнцөөр ингэж доромжилж байхад хэн ч хариу өгч өмгөөлсөнгүй.Эмэгтэй хүнийг ингэж доромжилж хүн ёсноос гадуур үзэх үзэгдэл лалын ертөнцөд л гарч байгаахарагддаг. Тэнд л охид бүсгүйчүүлээ дорд үзэж нүүр лүү нь хүчил цацаж, чулуугаар цохиж алдаг гэж дуулддаг байсан. Нэгэнт үхүүлж байгаа учир үгээр цохих чулуугаар цохихын ялгаа бий юу.
Та бүхэн саяхан Нобелийн энх тайвны шагнал авсанМалала охин гэж мэднэ.
Пакистаны Сватын хөндийг талибчууд хүчээр эзлэн түрэмгийлж хяналтаа тогтооход арав гаруйхан настай охин тэднээс үл эмээж үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Бүрэн зэвлэглэсэн талибчуудын өмнөөс сөрөн зогсож тэрээр охидод боловсрол олгохын төлөө тэмцсэн. Тэр жаалхан биед байхааргүй эр зоригоор эрслэн босож амиараа тэмцсэн. Пакистанд охид бүсгүйчүүд эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна, тэд дэлхийн хүн төрөлхтөнтэй ижил боловсрол мэдлэг эзэмшиж чадахгүй байна хэмээн уриалсныхаа төлөө Малала яг манай “сошиал”-чид шиг талибан харчуулдбуудуулсан. Арайтай л амь насаа алдалгүй гарч Англи улсад эмчлүүлэн эдгэрсэн билээ. Эм юм байж сурах гэлээ гэж дээрэлхэж байгаа нь тэр. Манай “сошиалчид” бол гадаадын юмнуудтай суух гэлээ, манийг тоосонгүй гэжвьетнам засварчны найз охидыгдээрэлхэж амиа хорлотол “RT” хийж байгаа нь тэр.
Лалын шашинтай эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдэд боловсрол олгохыг, лал ертөнцөд эрх нь зөрчигдөж байгаа эмэгтэйчүүдийг дэлхийн анхааралд оруулж өгсөнтүүнд 17-хон насанд нь Нобелийн Энх тайвны шагналыг хүртээсэн юм. Тэрээр хүн төрөлхтөнд хүний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг гэдгээрээ үеийн үед дурсагдах гавьяатай.Африкийн бүдүүлэг омгийн эр авсан эхнэр нь онгон биш байлаахэмээн эхнэрийнхээ хөхийг тас огтолсон хэрэг гарсан. Африкт охид хүүхнүүддээ тэгж ханддаг зэрлэг бүдүүлэг хүмүүс гэж ойлгогдож байгаа. Монголчууд үүнээс ч илүү бүдүүлэг болчихсон юм биш үү.
Тэгээд ч эмэгтэйчүүдийн жендерийн асуудлаар Африкийн улсууд Монголоос илүү байгаа гэдгийг мэргэжлийн судлаачид хэлж байна. Үндсэндээ Африкийн орнуудад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд доод тал нь 30 ба түүнээс дээш хувийг эзэлдэг аж. Монголд болохоор эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд дээд талдаа 20 хувьд байгаа. Энэхүү судалгаа олон улсад манай орныг эмэгтэйчүүдийн эрхээр ямар хэмжээнд байгааг харуулах нь ойлгомжтой.
Вьетнам залуучуудтай зугаацлаа гэж сошиал ертөнцийнхөн охид руу дайрсан явдал нь нөгөө “онгон биш байлаа” гэж хөхийг нь огтлохтой бараг адил шахуу бүдүүлэг зүйл юм. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих тэднийг хүнээс дорд үзэх үзэл цахим ертөнцөд дэлгэрснээс хойш буюу манайд “жиргээчид” бий болсноос хойш бүүр нийгмийн гэмээр шинж чанартай болсон.
Өмнө нь тэдюу юуг шуугиулж балаг тарьж байлаа. Ганц нэг бэлээхэн жишээ дурдъя. Өнгөрөгч жил цагаан сарын тавагбуруу өрсөн гэж төрийн ёслолын албанаас хүмүүс халуулсан. Тэд сурснаараа зураг хөргийг нь цахимд тавьж бөөн дуулиан шуугиан үүсгэж боорлосон. Үүний хариуд Ерөнхийлөгчийн ахмадуудтай золгох ёслолын тавгийн идээг арван үеэр буюу тэгш тоогоор өрсөн хэргээр Төрийн ёслолын албаны дарга нь Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний гурван ажилтан эмэгтэйгшууд халсан байдаг.
Мөн тухайн үеийн Боловсрол шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэж бүсгүйг дахиж хүний нүүр харахад бэрх болтол нь цахимаар доромжилсон. Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн сургалтын хөтөлбөрийг танилцуулж, яамныхаа ажлыг хийсний төлөө тэрээр шашин шүтэх эрхээрээ хүртэл доромжлуулж, гүтгүүлж ажил албаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, сэтгэл санааны гүн “шок”-нд орсон.
Хүмүүс одоо хэр нь санаж л байгаа байх. Насанбаяр даргын эвгүй зурагтай эвлүүлэг сошиал ертөнцөөр нэг тарсан. Ингэж хамгийн эмзэг нандин байх учиртай бүсгүй хүний нэр төр, гоо сайханд нүүрээ нуусан хорсогчид зэрлэг бүдүүлгээр халдах болсон нь аймшигтай. Сарангэрэл гэх бүсгүйг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбож шуугисан. Мөн л тухайн бүсгүй цаашид санаа сэтгэл тэнэгэр эрх чөлөөт орондоо ажиллаж амьдрахын аргагүй болгож байлаа. “Ногоон уутны хэрэг”, “Бразил явсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчид” гэх мэтээр ингэж бөөнөөрөө боорлон гутаан доромжилсон хэргүүд өчнөөн бий.
Үгээ хэлэх, үзэл бодлоо өөрийн цахим хуудсанд чөлөөтэй илэрхийлэх нь тухайн хүний хувийн хэрэг гэж бодъё. Гэвч инээдтэй, бас аюултай нь сошиал ертөнцөд шуугиан болсон бүхнийг төр засгийн өндөр дээд удирдаххүрээнийхэн тусгаж аваад хууль шүүхээрээ чангалаад, цагдаж шалгаад хэрэг үүсгээд эхэлдэг нь сонин бөгөөд ноцтой. Тэгэхээр хэсэг бүлэг хүмүүс хоорондоо үгсэж тохиролцоод хөрөнгө мөнгө олох, ашиг хонжоо хайх болон улс төрийн зорилгоор хэн нэгний нэр төрийг сошиал ертөнцөд аймшиггүйгээр гүтгэн гутаах, бүр цаашлаад ажил амьдралаас нь салгах кампанит ажиллагаа явуулахад үгүй гэх баталгаа өнөөдөр алга. Бид ийм л улс оронд аж төрж байна.Сүүл үеийн цахим ертөнцийн шуугианыг анзаарах нь ээ, ийм зүйл эрхгүй бодогдох боллоо.Нэг зүйл зориуд тэмдэглэхэд “сошиал”-чид хүрч ирээд зодолдоод байж чадахгүй болохоор эмэгтэй хүнийг юу ч гэж хэлж болно гэж боддог бололтой байдаг.
Тэгвэл хүйсийн тэгш эрхийн байдлаар эмэгтэйчүүдийн нэр төрийг хуулиар хамгаалдгийг, тэр нь хамгийн эмзэг нандин зүйл байдгийг мэддэггүй.
НҮБ-ын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэгдүгээр хэсгийн нэгдүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгоор “эмэгтэйчүүдийг алагчлах” гэсэн нэр томьёо нь гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий хүйсээр ялгаварлах, үгүйсгэн гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ” гэж заагаад хоёрдугаар хэсэгтээ “эмэгтэйчүүдийг алагчлах аливаа үзлийг хориглосон зохих хууль тогтоомжийг болон бусад арга хэмжээ, шаардлагатай тохиолдолд шийтгэх арга хэмжээг батлах, аливаа хүн, байгууллага буюу аж ахуйн нэгжийн зүгээс эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгахад чиглэсэн зохистой бүх арга хэмжээг авах, эмэгтэйчүүдийг алагчилсан эрүүгийн бүх заалтыг хүчингүй болгох”-ыг зүйлчилсэн байдаг. Мөн манай Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг.
Н.ГАНТУЛГА