“Өдрийн сонин”-ы 2015.11.28-ны өдрийн шинэ дугаар хэвлэгдэж гарлаа. Өнөөдрийн дугаарыг тоймлон хүргэе.
Монголд анх удаа гэж хэлж болох “Хар баасан гариг”-ийн хямдралтай худалдааг “Номин Юнайтед” их дэлгүүр уржигдар орой зохион байгуулсан билээ. Гэвч энэ худалдаа бодит хямдрал болж чадсангүй гэх иргэдийн шүүмжлэл, гомдол их гарав. Үйл явдлыг манай сурвалжлах хэсэг сурвалжлан маргаашийн дугаартаа хүргэж байна. Нэг, есдүгээр нүүрээс энэ тухай дэлгэрэнгүй уншаарай. Өчигдөр УИХ-ын чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцсэнийг тоймлон нэг, хоёрдугаар нүүртээ хүргэж байна. Чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг хэлэлцэх тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Мөн үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонссон юм. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрт “Монгол Улс дулаахан арал худалдаж авмаар байна” нийтлэл хэвлэгдэв. Сэтгүүлч Д.Гансаруулын бичсэн энэхүү нийтлэлд “Ес эхлээгүй байхад жавар тачигнаж, өвлийн тас нясхийсэн хатуу ширүүн уур амьсгалд монголчууд хаа сайгүй зутарч байна. Дулааны станцууд нь хэт хүйтний горимоор ажиллаж, байр сав нь пүнхийтэл халахгүй, халтиргаа гулгаа дэндэж, өнөө өвөл ер нь тачигнах янзтай. …Энүүхэн Номхон далай хавьцаа дулаахан арлууд олон арваараа налайж байгаа гэхээр хурууны үзүүр бүлээцэх шиг…” хэмээн бичжээ. Эл нийтлэлийг бүрэн эхээр нь уншаарай. Хөдөөнийхөн “Гангараа” тоглолтыг үзэхээр хонь хөтөлж ирж байгаа тухай дуучин Н.Мөнгөншагайгийн ярилцлага, Хятадад амьтдыг үржүүлэхгүй, үйлдвэрлэдэг болж байгаа тухай сонирхолтой мэдээлэл, “Ю.Цэдэнбалын үеэл Батын Донров гэж хэн байв” тэмдэглэл зэргийг өнөөдрийн дугаараас унших боломжтой. Түүнээс гадна бямба гаригийн дугаартаа хүргэдэг “Өдрийн зочин” тогтмол буланд Амгалангийн станц хэмээх нөр их ажлын ард гарсан Б.Баттөмөрийн тухай хүргэж байна. Тэрбээр өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Амгалангийн станцын ашиглалтын өргөтгөлийн захиргааны төслийн нэгжийн даргаар ажилладаг юм. Харин “Дэлхийн хүмүүс” буландаа алдарт хөлбөмбөгчин Пелегийн тухай хүргэж байна. Хөлбөмбөгийн хаан Пелегийн хамгийн сонирхолтой түүх, түүний амьдралдаа бүтээсэн эгэлгүй гайхамшгуудын тухай энэ буланд өгүүлэх болно. Эдгээрээс гадна “Хэлэх эрхийн индэр”, “Амрах агшин”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” зэрэг тогтмол булангуудаа өнөөдрийн хүлээн авч уншаарай.