Categories
мэдээ нийгэм

​“Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт хэлхээ маркийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Мустафа Шентоп өчигдөр “Монгол шуудан” ХК Туркийн шуудангийн компанитай хамтран Монгол улс, Бүгд Найрамдах Турк улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын хэлхээ маркийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Энэ онд Монгол Улсад марк үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиож байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан онцоллоо.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, “Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй боловч өнө эртний уламжлалт харилцаа 1,000 гаруй жилийн түүхтэй. Соёл, зан заншил зэрэг олон зүйлээрээ адилхан. Энэ удаагийн бидний айлчлал шинэ цагийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна” гээд хамтарсан марк гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалаж, гарын үсэг зурлаа.

“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Манай хоёр орон газар зүйн хувьд хол орших хэдий ч түүх дурсгал, өв соёлын өнө эртний түүхтэй. Үүнийг Монголоос олдсон Түрэгийн үеийн хөшөө, дурсгалууд, Монголчуудын үлдээсэн Турк дахь эртний барилга, байгууламжаас харж болно. Манай улс Турк улстай дипломат харилцаа тогтоосны хүрээнд хоёр улсын харилцаа улам бүр өргөжин тэлж байна. Сүүлийн жилүүдэд “Монгол шуудан” ХК Туркийн шуудангийн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. “Монгол Шуудан” ХК-ийн санаачилагаар 50 жилийн ойг угтан анх удаа хамтарсан хэлхээ маркийг гаргаж байна” гэлээ.

Хэлхээний нэгдүгээр нэрийн марканд Турк улсын Истанбул хотын хоёр тулгууртай Евро-Азийг холбосон Босфорын гүүр дээгүүр нисэж буй Монгол улсын онгоц, Турк улсын үндэсний бахархалт алтанзул цэцэг, хоёрдугаар нэрийн марканд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод буусан Турк улсын онгоц, түүний наана хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэн угтаж буй Монгол эмэгтэй, Монгол улсын үндэсний бахархалт бэр цэцэг, хэлхээ маркийн дунд хэсэгт 50 жилийн ойн лого зэргийг зохиомжлон дүрсэлжээ.

Хоёр орны дурсгалын марк 10000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд анхны өдрийн дугтуй нь 500 ширхэг хэвлэгдсэн байна.

Н.Амартүвшин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *