Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс 2020 онд сая жуулчин хүлээн авна

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг( TICA), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран (GIZ) “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр 2018 оны нэгдүгээр сараас эхлээд байна. Үндэсний хөгжлийн газар нь Монгол, Тайланд, Герман улсын гурван талт хамтын ажиллагааны энэхүү төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага юм. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар болох аялал жуулчлалыг иргэдийн оролцоотойгоор хөгжүүлж, орон нутагт ажлын байр шинээр бий болгоно. Мөн ядуурлыг бууруулахад салбар хоорондын бодлого, стратегийг уялдуулан ажиллана. Төсөл Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжих аж. Судалгаагаар орон нутагт аялал жуулчлал хөгжих боломжтой гэдэг нь харагджээ. Жишээлбэл, зөвхөн Увс аймаг өнгөрсөн онд 68 мянган жуулчин хүлээн авсан гэнэ. Монгол Улс 2020 оноос жилдээ сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд дээрх төсөл ихээхэн хувь нэмэр оруулна.

Энэ талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр”-ийн дэд захирал О.Батболдтой ярилцлаа.


-“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн зорилго юу вэ?

-Энэ төслийг 2018 оны эхнээс Монгол, Герман, Тайланд улс хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Аялал жуулчлал тогтвортой хөгжихөөс гадна, хүртээмжтэй эдийн засаг байх ёстой. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал хөгжихийн зэрэгцээ эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Энэ өгөөжийг орон нутгийн иргэд хүртэж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж гарна. Аялал жуулчлал хөгжихийн хэрээр орон нутгийн малчид тариаланчдын орлого нэмэгдэнэ. Улмаар энэ нь ядуурлыг бууруулахад томоохон дэмжлэг үзүүлнэ гэж тооцож байгаа.

-Төсөл дэх Тайланд улсын оролцоо ямар байх бол?

-Тайланд аялал жуулчлалын асар их туршлагатай орон гэдгийг монголчууд мэднэ. Энэ орон 69 сая хүн амтай. Харин энэ жил 39 сая жуулчин хүлээж авахаар тооцож байна. Тайланд жуулчдыг олноор хүлээн авах бодлого баримталдаг. Манайхныг урьж, туршлага солилцож, сургалт явуулж байгаа. Тайланд газар нутгийн байршил, уламжлал гээд олон зүйлээрээ массын аялал жуулчлал хөгжүүлсэн улс. Харин манай улс дэд бүтцээс эхлээд олон шалтгааны улмаас жуулчин олноор хүлээн авах боломж байхгүй өнөөг хүрсэн. Тиймээс бид орон нутгийн иргэдэд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа.

-Өнөөгийн манай аялал жуулчлалын салбар ямар түвшинд байна?

-Дэд бүтцийн сул хөгжил аялал жуулчлалын тоог хязгаарлаад байгаа юм. БОАЖЯ-ны мэдээллээр өнгөрсөн жил 500 орчим мянган жуулчин хүлээн авсан. БОАЖЯ-наас бодлого хэрэгжүүлээд энэ тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр ажиллаж байна. Гэхдээ энэ тоонд хүрэх нэг асуудал. Нөгөө талаасаа энэ хэмжээний жуулчдыг хүлээж аваад аялал жуулчлалын компаниуд хэр ашиг олох, орон нутгийн иргэдэд ямар өгөөж өгөхийг тооцох ёстой. Аялал жуулчлалын салбар, манай төслийн зорилго ч энэ чиглэлд явж байгаа. Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр орон нутгийн эдийн засаг сайжирч, иргэдийн орлого нэмэгдэх ёстой.

-Дэд бүтцээс гадна хэлэлцүүлэг дээр жорлонгийн асуудал яригдлаа.

-Гадны жуулчны хувьд бол жорлон гэдэг наад захын хэрэгцээний асуудал. Тэд жуулчлахдаа жорлонгүй газар байна гэж төсөөлдөггүй. Тайландад ажилласан манай багийнхан “Ямар ч жижиг тосгонд очсон жорлонгийн асуудлыг шийдсэн байсан” гэж ярьж байгаа юм. Жорлонгийн асуудал жижиг юм шиг сонсогддог ч аялал жуулчлалын хувьд маш чухал байдаг. Гадны жуулчин “Би Монголд гурав хонохдоо ОО асуудалтай байсан” гэж яривал, түүнийг сонссон ямар ч хүн Монгол руу зүглэхгүй.

-Төсөл хэрэгжих гурван аймаг ямар ажил зохион байгуулах вэ?

-Ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд урт хугацааны бодлого боловсруулах хэрэгтэй. Бусад салбаруудынхаа бодлоготой нэгдсэн, уялдсан байх ёстой. Эхний ээлжинд хөтөлбөрүүдээ шинэчилнэ. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн үндэсний зөвлөхүүд манай төсөл дээр ажиллаж байна.

-Яагаад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөхүүд гэж?

-Энэ сургууль хамгийн сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа. Хөтөлбөр, төгсөгч нь орчин цагийн аялал жуулчлалын стандартыг хангана.

-Яаж аялал жуулчлалаас орон нутгийн иргэд ашиг хүртэх вэ?

-Манайхан Хятадаас янз бүрийн юм авчирч зардаг. Гэтэл бидэнд дотооддоо үйлдвэрлэж болох олон бүтээгдэхүүн байдаг. Тиймээс өөрсдөө хийж чадах бүтээгдэхүүнээ заавал өмнөд хөршөөс авах шаардлагагүй. Жуулчдад өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ борлуулж ашгаа хүртэх боломжийг бүрдүүлнэ. Орон нутаг бүрт өөрийн гэсэн онцлогтой бэлэг дурсгалын зүйл хийх боломж байдаг. Иргэд үүнийгээ ашиглаж чадвал чамгүй ашиг олох боломжтой. Харин энэ нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд, төр засаг иргэд болон компаниудад нээж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Жишээлбэл?

-Бид орон даяар “Баянхонгор аймгийн бэлгэ тэмдэг юу байх вэ” гэсэн уралдаан зарлаж байна. Энэ тохиолдолд улс даяар амьдарч байгаа иргэд оролцоно. Тэр тусмаа Баянхонгор аймгийн бусад аймаг хотуудад байгаа иргэд дуртай оролцоно. Тэднээс ямар ч их санаа, санаачилга гарч болно. Тэр санаанууд Баянхонгорын бэлгэ тэмдэг, брэнд болж болно шүү дээ. Ингэснээр Баянхонгор жуулчдад бэлэглэх, худалдах өөрийн гэсэн бэлэгтэй болно. Жуулчид очсон газрынхаа давтагдашгүй зүйлээр гайхуулах хоббитой байдаг.

-Орон нутгийн зам маш муу байдаг.

-Төв замууд гайгүй. Гэхдээ бид аяллын маршрутыг сонирхолтойгоос гадна хөдөө орон нутгийн иргэддээ ашигтайгаар тогтоох хэрэгтэй.

-Айл хэсүүлнэ гэсэн үг үү?

-Жуулчид нэг их тохилог газраар яваад байхыг чухалчилдаггүй. Гэхдээ мэдээж дэд бүтэцтэй газраар явна. Монголд ирсэн жуулчид түүх, өв соёлоос гадна өнөөгийн монгол ахуйтай танилцах сонирхолтой байдаг. Жишээлбэл, малчин айлд очиж айраг хийх, тараг бүрэх, өрөм загсаах, унага татах, үнээ саах зэргийг дэргэдээс нь харах маш их сонирхолтой байдаг. Дэлхий дээр массаараа аялал жуулчлал их хөгжсөн. Харин Монголд бол арай өөр.

-Юугаараа?

-Өнө эртнээс уламжилж ирсэн монгол ахуй, амьдралын хэв маяг сонирхох гэж ирдэг. Энэ тохиолдолд хэдэн зуугаараа ирэхгүй. Тэр бүү хэл мал хариулах, ногоо тарих ажилд туслах гэж ирдэг жуулчид ч нэмэгдэх хандлагатай байгаа.

-Яагаад?

-Өндөр хөгжилтэй орны иргэд асар их стресстэй байна. Монгол шиг үзэсгэлэнт, онгон байгальтай, амгалан тайван, сонирхолтой амьдрал ахуйтай газар нэг хоноход тэдэнд маш сайхан амралт болдог. Үүгээрээ манай орон давуу.

-Увс аймаг дангаараа 70-аад мянган жуулчин авсан байна.

-Тийм. Увс аймаг боломжийг маш сайн ашигласан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх олон санаачилга гаргасан. Үүнийхээ үр дүнг үзсэн. Увсын удирдлагууд хөрш Тувадаа олон арга хэмжээ зохион байгуулж, нутагтаа урьсан. Тувачуудын сонирхлыг татаж чадсан. Бизнесээ хөгжүүлж байна. Манай орны иргэд визгүй зорчдог болохоор манайх руу ирэх нь нэмэгдсэн. Одоо Увс аймагт зочид буудлууд нэмэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *