Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол угсаатан хүүхдүүд “Өхөөрдөм Гоёо” загварын их наадамд оролцож байна

Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордны Их тамхимд үндэсний өв соёлыг сурталчлах, хүүхдийн хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих “Өхөөрдөм гоёо” загварын их наадам болж байна.

Тус наадамд оролцохоор ОХУ-ын Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-с хүүхдүүд, Халимаг, Буриадын загвар зохион бүтээгчид иржээ. Наадмын хоёр дахь өдөр болох үндэсний хувцасны парадын урьдчилсан сургалтад хамрагдсан 100 гаруй хүүхэд загвар зохион бүтээгчдийн бүтээл, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг өмсөж, танилцуулах юм.

Хөлөнбуйр аймгаас ирсэн зургаан настай Батсүхийн Аминзул Цонжин болдогт очиж, Улаанбаатар хотын төв талбайд зургаа татуулсан тухайгаа буриад аялгаар хэвлүүхэн ярив. Тэрээр буриад үндэсний хувцас өмсөж уг наадамд оролцож буй юм. Б.Аминзултай нас чацуу тува охин Монгушийн Лолия “Би гудамжинд ууртай хүмүүс ерөөсөө хараагүй. Олон гоё өндөр байшин, бас хүүхдийн тоглоомын талбай хамгийн их таалагдаж байна. Харин гудамжинд хүмүүс их тамхи татах юм” гэж өөрийн сэтгэгдлээсээ хуваалцаж Монголд дахин ирнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Нийт 15 сая төгрөгийн шагналын сан бүхий тус их наадамд оролцогчдоос үндэсний болон европ хувцасны шилдэг загвар зохион бүтээгч, шилдэг үйлдвэрлэгч, хоёр насны ангиллаар шилдэг загвар өмсөгч хүүхдүүдийг тодруулах юм байна. Наадмыг эх үрсийн баярын өмнө зохион байгуулж байгаа нь Монголын хүүхдийн хувцасны үйлдвэрлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломж олгох зорилготой гэж “Өхөөрдөм гоёо” наадмыг санаачлагч Ж. Нямаа хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *