Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Москва дахь Монгол Улсын ЭСЯ-наас тус хотод оршин суудаг буриад, халимаг, тува, монголчуудын нутгийн зөвлөлтэй анх удаа хамтран долдугаар сарын 12-ны өдөр “Тал нутгийн эртний уламжлал, хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн дээжис” нэртэй “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-ыг Монгол Улсын ЭСЯ-ны төв байранд зохион байгуулсан байна.
Арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нээж эхлүүлсэн бөгөөд наадамд ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, ГХЯ-ны ажилтнууд болон буриад, халимаг, тувагийн төлөөлөгчид оролцжээ.
Хүн төрөлхтөний биет бус соёлын өв болох наадам, уртын дуу, хөөмий, үндэсний бөх, монгол гэрээ монгол туургатнуудын төлөөлөгчдөд сурталчилсан байна. “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д буриадын хоёр, халимагийн гурав, монголын 7 бөх нийтдээ 12 бөх зодоглосноос сумын заан С.Пүрэв-Очир түрүүлж, аймгийн начин П.Ганзориг үзүүрлэжээ.
Мөн Монголоос уригдан ирсэн “Улаанбаатар” чуулгын уртын дуучин О.Анхчимэг, морин хуурч, хөөмийч И.Тэрбиш нар ая дуугаа өргөсөн байна. Буриадын дуучин Чингиз Аюшеев, Елена Аюшеева, Дашдондок Надцалов, Халимагийн Соёлын яамны сайд асан, хөгжмийн зохиолч Аркадии Манжиев нар нутгийнхаа дууг дуулж, халимагийн бүжигчид ардын бүжгээ бүжиглэж наадамчин олноо баясгажээ.
ОХУ-ын Байт сурын харвааны дасгалжуулагч, спортын мастер Баяр Гынинов буриадын “Сур харбаан”-ны үзүүлэх сургууль хийсэн нь олны таашаалд нийцсэн байна. Наадмын эхэнд зочиддоо монгол цагаан идээ, айраг сөгнөж, монгол цайгаа чанаж, монгол үндэсний хоол хуушуур, хорхог хийж дайлав. Тувагийн нутгийн зөвлөл дарга, 88 настай Ондор Чимэддорж гуай сургаалтай сайхан үг хэлж хөөмийдөж, тува дуу дуулж наадамчин олноо хөгжөөжээ.
Наадмын төгсгөлд ЭСЯ-ны ажилтнууд болон уригдан ирсэн монголчууд таван ханатай монгол гэрээ барьж үзүүлсэн нь монгол туургатнуудын сонирхлыг ихээр татсан байна. ЭСЯ-ны зүгээс энэ гэрийг Халимагийн нутгийн зөвлөлд бэлэглэжээ.