Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ.
Ийнхүү Зэвсэгт хүчний 97 жилийн ойн бөхийн барилдаанд харцага О.Хангай найм даван түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Д.Анар нар шалгарлаа. Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос нэг аварга, дөрвөн арслан, хоёр гарьд, гурван заан, есөн харцага, 27 начин нийт 46 улсын цолтон магнайлан барилдсан юм. Барилдааны бүртгэлийг хоёр өдөр цахимаар явуулсан бөгөөд бөхийн тоо илүү гарсан учир олон сумын цолтон багталгүй хасагджээ. Зэвсэгт хүчнийхээ ойд Алдар спорт хорооны бөхчүүд олноор оролцон барилдсан бол улсын арслан Д.Ганхуяг ерөнхий хөлийн цэцээр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй зохион байгуулалтад ажиллав. Н.Батсуурь арслан нэгийн даваанд Алдар спорт хорооны бөх, сумын заан Б.Сосорбарамд өвдөг шороодсон. Булган аймгийн начин Э.Сумъяабат улсын начин Б.Ганхуягийг давхар хаман дайраад давсан бол Хөвсгөлийн аймгийн начин Э.Өлзийсайхан, Улсын начин Ш.Шинэбаярыг даацтай мэхээр хаясан зэрэг сонирхолтой барилдаан боллоо.