Categories
мэдээ цаг-үе

Монгол Сноуден Г.Доржзодов

“Өдрийн сонин”-ы 2017.06.15-ны Пүрэв гаригийн №134 (5701) дугаараас авч нийтлэв.

Г.Доржзодов зурган илэрцүүдГ.Доржзодов гэх залуу МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын төрийн албыг мөнгөөр зарж, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар хоорондоо ярьж байгаа бичлэгийг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд дэлгэн тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн уг бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаас хойш Монголын нэр нөлөө бүхий хүмүүс Г.Доржзодовыг хэрхэн дарамталж байсан, амь нас, гэр бүлд нь ямар дарамт шахалт бий болоод байгаа, хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ч өмнөх дугаартаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад сүүлийн үеийн шинэ баримтуудыг дэлгэж байна.

ЭДВАРД СНОУДЕН АНУ-ЫН ТУСГАЙ АЛБАНЫ НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОСОН НЬ

Г.Доржзодовыг бичлэг тараасных нь төлөө төрийн томоохон албан тушаалтан, хууль хяналтынхан шахан хавчиж, айлган сүрдүүлж, хэн ч биш болгох гэж оролдож байгаа байдал, өөрийнх нь бичлэгээ үнэн гэдгийг нотлохын тулд тэмцэж байгаа тэмцэл, хийж байгаа үйлдэл зэргээс харахад АНУ-ын тусгай ажиллагаа, тагнуулын газрын маш нууц мэдээллийг олон нийтэд дэлгэж, дэлхий даяар дуулиан шуугиан тариад байгаа Эдвард Сноудентэй адилтгаж болохоор байгаа юм. Эдвард Сноуден Пентагоны харьяa тагнуулын компанийн экс ажилтан юм. АНУ-ын тусгай алба иргэдийн утасны яриа, и-мэйл, нийгмийн сүлжээний сайтуудыг тагнах ажиллагаа явуулдаг тухай нууц мэдээллийг 2007 оноос хойш дэлгэж, дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Мөн АНУ-ын аюулгүй байдлын нууц агентлаг NSA Вашингтон болон Нью-Йоркод байрлах Европын холбооны төлөөлөгчийн газруудыг танддаг тухай мэдээллийг ч задруулж байсан. Сүүлийн үед Эдвард Сноудены шифрлэсэн файлын кодыг Орос болон Хятад улс тайлсан тухай олон улсын мэдээллийн сайтуудаар мэдээлэх болсон. Их Британийн Дэвид Камероны албаны хүмүүс маш нууц зэрэглэлийн материалууд Москва, Бээжингийн тагнуулуудын гарт орсон хэмээн батлаад байгаа. Үүний дараа АНУ-ын тагнуулын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, MI6 байгууллагаас “дайсагнах улс”-уудаас тагнуулчдаа татах болсон тухай мэдээлэл гараад байгаа. Түүнийг Хавайд байхад нь АНУ-аас яллаж, гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хүсэлт тавьсан байдаг Дээрх шийдвэртэй холбоотойгоор ОХУ-ын Москва руу явсан. ОХУ-д түр орогнож буй Эдвард Сноуден дэлхийн 99 оронд нэгэн зэрэг довтолсон хакерын довтолгоонд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албыг буруутгасан. Тэрээр Твиттер хуудсандаа энэ талаар “Үндэсний аюулгүй байдлын алба өөрсдийнхөө үйл ажиллагаанд ашиглахаар зохион бүтээсэн зүйл нь хүн төрөлхтөнд гай болж байна. Түүнээс болж олон өвчтөн эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрлээ. Тэд энэ зүйлийг хийсэн. Одоо юу болж байгааг бүгд харж байна” хэмээн бичсэн байна. АНУ-аас Эдвард Сноуденыг үндэсний батлан хамгаалах хэрэгт холбогдох мэдээллийг санаатайгаар, харилцаа холбооны мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан, төрийн өмчийн эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргүүдэд буруутгаад байгаа.

Г.Доржзодов Голомт банкны дансаар А.Ганбаатараас 20 сая төгрөг авсан баримт

60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАЛААРХ БИЧЛЭГИЙН ТАЛААР SIXTYBLN.MO­ZELLO.COM САЙТ ДЭЭР НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖ ЭХЛЭВ

Г.Доржзодов 90 минутын бичлэгийн эвлүүлэг хийх ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн тухайн үед уулзаж байсан зураг байгаа гэдгээ олон нийтэд мэдэгдсэн билээ. МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын төрийн албыг мөнгөөр зарж, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох талаар хоорондоо ярьж байгаа бичлэгийг олон нийтэд тарааснаас хойш нам жим нууцлагдмал байдалтай байсан Г.Доржзодов сүүлийн үед цахим хаягаараа мэдэгдэл хийх болсон. Өөрийн албан ёсны @dropmires гэсэн цахим хаягаараа дамжуулан хэд хэдэн удаа 60 тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл оруулж олон нийтэд шуугиан тариад байна. Хамгийн сүүлд гэхэд Г.Доржзодовыг дээрх бичлэгийг олон нийтэд тараахгүй байхыг хүсч, Ц.Сандуйн туслах А.Ганбаатар 20 сая төгрөг шилжүүлсэн баримт өчигдөр олон нийтэд ил болсон юм. Банкны хуулга, мөнгө хэрхэн шилжүүлэх талаар бичиж байсан мессэжийг дэлгээд байгаа. Мөн Sixtybln.mo­zello.com гэсэн мэдээллийн сайт нээсэн байна. Сайт дээрээ төрийн албыг зарж 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэгийг олон нийтэд ил болгосноос хойш болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон он, сар, өдөртэй нь нийтэлжээ. Г.Доржзодовын Sixtybln.mo­zello.com сайт дээр тавьсан мэдээлэлд гэмт хэргийн шинж агуулсан ноцтой зүйл олон байгаа юм. Тухайлбал, 2017 оны гуравдугаар сарын 15-нд Г.Доржзодов “..Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэг зүйл тохиолдвол 90 минут бичлэг, 160 слайд бүхий ррт, эксель, зураг бүгдийг олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ..” гэсэн мессэж Ц.Сандуйгийн утас руу болон вайбр луу илгээв. 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 90 минутын уулзалтын үеийн фото зураг болон холбогдох файлуудын дүрсийг Ц.Сандуйд илгээсэн байна. Ц.Сандуй дээрх үйлдэлд огт хариу өгөөгүй аж. А.Ганбаатар Г.Доржзодовын гэрийн гадаа отолт хийж саатуулаад эхнэр, хүүхэд, аав ээжүүдийн дүр зураг, тэдний гэрийн хаяг, өдөр бүр хаана хэнтэй уулздаг болон Дарханд очиж аав ээжийнх нь гадаа отолт хийсэн гэдгээ А.Ганбаатар бардамнан ярьсан гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд А.Ганбаатар өөрийн ажлынхаа өрөөнд Г.Доржзодовтой уулзаж байхдаа хүч хэрэглэн хамгаалалтын ажилтнуудын тусламжтайгаар бүлэглэн SanDisk фирмийн Sansa Clip Plus mp3 тоглуулагчийг нь дээрэмдэн авсан байна. Өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Фэйсбүүкийн Элдэв шуум пейжид “Аймшигт 350 саяын авлигын хэрэг илэрлээ” шторк байршуулж, Г.Доржзодовыг эвлүүлэгч мэтээр олон нийтэд нэр хүндийг нь унагах зорилгоор цацсан гэнэ. Мөн түүнийг ТЕГ-аас СЭМYТ-д сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хэрэг хүлээх чадвартай эсэх талаар шинжилгээнд оруулсан байна. Тус эмнэлгийн эмч Ганхүү нь ТЕГ байцаагчтай тусгайлан арван минут уулзсаны дараа ярилцлагаа эхэлсэн. Ярилцлагын явцад эмч “нууц бичлэг” гэж түрүүлж үг алдсан. Ярилцлага байцаалт шиг болсон. Дараа нь таван хүнээс бүрдсэн комиссоор оруулсан. Ярилцлагын дүнг өнөөг хүртэл танилцуулаагүй зэргийг ч тэрбээр олонд дэлгэжээ. Энэ сарын 1-ний 20:56-22:46 цагийн хооронд Г.Доржзодовтой таван жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр нь дамжуулан дуудуулж “Русская гимназия” сургуулийн хойно байрлах “Намуун” нэртэй зочид буудлын 507 тоотод нэгэн хүн уулзсан гэнэ. Хэн хаанаас явуулсан, ямар зүйлс (улсаа сонго, сургуулиа сонго, хоёр өрөө байр дээр нь нэмж өгье) санал болгосныг нь ч дамжуулсан. Энэ бүхний дараа ч Г.Доржзодовыг энэ асуудлаа зүгээр л орхиод дөрвөн жил таг чимээгүй алга болчих гэж хүссэн гэнэ. Маргааш нь ТЕГ-аас түүн рүү залгаж 13:00 цагт ирэхийг дуулгажээ. Гэвч товлосон цагаа 15:00, 17:00 болтол хоёр удаа хойшлуулсан байна. Мөрдөн байцаагч 17:15 минутад уулзаж дөрөвдүгээр сарын 14-нд саатуулахдаа үзлэг хийж хурааж авсан зөөврийн компьютер, айпад, айфон, нокиа утаснууд, банкны бүх карт, машины болон гэрийн түлхүүр, бугуйн цаг, автобусны карт, флаш зэрэг зүйлсийг нь хурааж авснаасаа 40 гаруй хоногийн дараа буцаан өгсөн гэнэ. Уулзалтын явцад байцаагч өмгөөлөгчөөс нь тусгаарлан салгаж уулзах гэж хоёр ч удаа оролдсон гэнэ. Түүнчлэн энэ сарын 3-4-нд “Намуун” зочид буудалд уулзсан хүн утсаар орос хэл дээр мессэж бичиж, яаралтай уулзахыг хүссэн байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ Г.ДОРЖЗОДОВТОЙ УУЛЗАЖ ЮУ ЯРЬСАН БЭ

Энэ сарын 6-ны 22:00 цагийн орчимд МАН-аас яаралтай уулзахыг хүсч байгаагаа нэг жилийн өмнө хамт ажиллаж байсан хүнээр нь дамжуулан хэлүүлжээ. Мөн өдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж, “60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал хууль хяналтаар шалгуулаад эвлүүлэг, гүтгэлэг болох нь тогтоогдсон. Бид цаашид ч шалгуулах болно” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Зургадугаар сарын 9-ний12:00 цагийн орчимд гэрээсээ гарч явахад нь түүний араас 18-02УБМ Хьюндай “СантаФей” маркийн машинаар Зуун айлын УБЕГ хүртэл дагасан гэнэ. Харин тухайн өдрийн орой буюу 20:15-22:23 цагийн хооронд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тусгайлан бэлдсэн “Энканто” хотхоны Спорт центрийн VIP саунд Г.Доржзодовыг бизнесийн томоохон нэр хүнд бүхий хүнээр дамжуулан дуудуулан уулзжээ. Энэ уулзалт болохын өмнөхөн буюу 18:15 минутад А.Ганбаатар нь Г.Доржзодовыг гүтгэсэн дүрсгүй бичлэгийг олон нийтэд цацсан гэнэ.

МАН-аас 90 минутын бичлэгийг эвлүүлсэн хэмээн мэдэгдээд байгаа. Харин салбарын хүмүүс МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй нарын ярьсан зүйлийг 90 минут эвлүүлэх ямар ч боломж байхгүй. Эвлүүлэг хийлээ гэхэд 2-3 минутын бичлэгийг эвлүүлэх боломжтой. Тиймээс Г.Доржзодовын олон нийтэд дэлгээд байгаа бичлэг ямар нэгэн эвлүүлэг огт байхгүй гэдгийг батлан ярьж байна лээ. Мөн бичлэг цацагдсан даруйд Ц.Сандуй “Одоогоос хоёр жилийн өмнө намын стратеги ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна” хэмээн хэвлэлүүдэд тайлбар өгч байв. Хэрэв хуурамч бичлэг юм бол МАН-ынхан Г.Доржзодовтой удаа дараалан уулзаж, дарамталж, мөнгө өгч, гадаадад амьдрах санал тавихгүй байсан болов уу.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *