Categories
мэдээ улс-төр

Монгол, Сингапур улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнанд захидал илгээжээ.

Захидалд, “Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Эрхэм хүндэт Сайд Танд чин сэтгэлийн баярын мэнд хүргэе. 2019 онд Танай сайхан оронд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар албан ёсоор айлчилж, энэ үеэр Тантай албан ёсны хэлэлцээ хийж, эдийн засгийн хөгжил, гадаад бодлогын нэн чухал асуудлуудаар үнэ цэнэтэй санал солилцсоноо эргэн санахад таатай байна.

Манай хоёр улс 50 жилийн хугацаанд улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж, эдүгээ Сингапур улс Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь бидний итгэлт анд, найдвартай түнш болжээ.

Цаашид өнөөгийн ололт амжилтдаа сэтгэл ханалгүйгээр бидний өмнө нээлттэй байгаа өргөн боломжийг ашиглан Монгол, Сингапурын харилцааг улам идэвхжүүлэн хөгжүүлэх нь дараачийн шатны зорилго болно гэдэгтэй Та санал нэгдэх бизээ. Монгол, Сингапур хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн талбарт улам үр бүтээлтэй хамтран ажиллах боломж байна.

Дэлхий даяар “COVID-19” коронавируст халдвар тархсан өнөөгийн ээдрээтэй цаг үед бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг чухал үүрэгтэй билээ. Энэ дашрамд Сингапур Улсын зүгээс цар тахалтай тэмцэх хүрээнд манай улсад сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж буйг минь хүлээн авна уу” гэжээ.