Categories
мэдээ нийгэм

Монгол оронд хэрэглэж байгаа вакцины дархлаа үүсгэх идэвхийг тогтоох ажлыг хэрэгжүүлж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эм бэлдмэлийн сорилтын улсын лаборатори, Орхон аймгийн мал эмнэлгийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Баян-Өндөр, Жаргалант сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг шүлхий өвчин өмнө нь бүртгэгдэгдээгүй, сэргийлэх тарилгад хамрагдаагүй бүс нутаг болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 малчин өрхийг сонгон сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэглэж байгаа вакцины дархлаа үүсгэх идэвхийг шалгах, хээрийн омгийн тохирц, вакцины цэвэршилтийг шалгах ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлүүллээ.

Уг ажлын хүрээнд 0, 14, 28, 56, 112, 180 хоногт сонгож вакцинжуулсан малаас дээж авах ба лабораторийн шинжилгээг УМЭАЦТЛ-ийн биоаюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лабораторит шинжээч нар хамтран гүйцэтгэж, шинжилгээний үр дүнгийн баталгаажилтыг ДМЭАМБ-ын олон улсын шүлхий өвчний лавлагаа лаборатори болох Пирбрайтын хүрээлэнд хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Шинжилгээ, судалгааны ажлын явцын үр дүнг 2017 оны 12 дугаар сард, эцсийн үр дүнг 2018 оны 06 дугаар сард гаргах юм.

Дараах үр дүн хүлээгдэж байна. Үүнд:

1.Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины малын төрөл тус бүрд тогтоох дархлааны хөдлөл зүйг танин мэдэх, дархлааны үргэлжлэх хугацаа, давтан вакцинжуулалтын оновчтой хугацааг тооцох;

2.Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины омог болон сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарч байгаа шүлхий өвчний үүсгэгчийн хээрийн омгийн нийцлийг тогтоох;

3.Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины аюулгүй байдал, вакцинд бүтцийн бус уураг байгаа эсэхийг тодорхойлох;

4.Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины монгол тэмээнд үүсэх дархлаа, тохирох оновчтой тунг тогтоох зэрэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *