Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ хамтран Халхын голын тухай кино бүтээнэ

ОХУ-ын “Ленфильм” студи Халхын голын тухай кино бүтээх шинэ төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Студийн албан ёсны хуудсанд тавигдсан мэдээллээс үзвэл шинэ бүтээл маш чанартай болж Халхын голыг дэлхийд таниулах боломжтой юм байна. Студийн цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд “Киног Азийн уран бүтээлчидтэй хамтарч бүтээнэ. Зураг авалт хийх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярьж тохирсон. Төсөлд мөн БНХАУ-ын China Film Group Corporation, БНСУ оролцоно. Оролцоог ингэж нэмэгдүүлснээр уран бүтээлийн хамрах хүрээг ч нэмэгдүүлж, 100 сая ам.доллараар хэмжигдэх ашиг олно гэж тооцож байна. Ингэснээр “Ленфильм” Оросын кино урлагт дорныг сонирхох сонирхлыг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн энэхүү кино нь “Ленфильм”-ийн бүтээсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг байна гэдгийг амлаж байна. Төслийн хүрээнд “Росархив”-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд кинонд өмнө нь хэн ч хэзээ ч үзэж байгаагүй ховор нандин бичлэгүүдийг дэлгэх болно. Сергей Снежкиний баг зохиол бичих ажилдаа орсон. Кино гарсны дараа уг зохиолыг дахин найруулаад роман хэлбэрээр хэвлэх болно” хэмээн бичжээ.

Халхын голын ялалт нь Монгол төдийгүй ЗХУ-ын хувьд хамгийн анхны том ялалт, батлан хамгаалах үйлсдээ хийсэн том алхам байсныг энэ киногоор дамжуулан харуулах гэнэ. Халхын голын дайнд ОХУ-ын Чита мужаас олон цэрэг оролцсон бөгөөд тус хотод дурсгалын цогцолбор байдаг гэнэ. Хотын удирдлагууд энэ гавьяагаа үнэлүүлэхээр 2013 онд хүсэлт гаргаж, хотдоо байлдааны гавьяаны одон олгуулах гэсэн ч хүсэлт нь талаар болж байжээ. Халхын голын дайны 80 жилийн ой ирэх жил болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *