Морь барианы газар
-“ХҮЙ ДОЛООН ХУДАГ“-Т БАРИГДАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарь улсад хийсэн айлчлалынхаа үеэр 2040 онд Улаанбаатар хотноо олимпийн наадмыг зохион байгуулах тухай санамж бичигт ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой гарын үсэг зурсан билээ. Энэ хүслээ биелүүлэхэд монголчуудад 26 жилийн хугацаа байна. Гэтэл бид өнөөдөр хотлоороо цуглаж хийдэг ганц үндэсний баяраа тэмдэглэх тохитойхон талбай ч алга. Цөөн тооны суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнд бөх үзэх азтангууд машин тавихаас эхлээд, бие засах ч олигтой газар байхгүй. Дээр нь бөх үзсэн хүн морины уралдаан харах боломжгүй. Гадны жуулчид хамгийн дээд баяраа ямар муу орчинд тэмдэглэж байгааг хардаг ч, хэлэхгүй өнгөрдөг. Энэ байдлыг халж, үндэсний баяр болох наадмаа, улмаар ирээдүйн олимп зохион байгуулах эхний алхам хийх зорилгоор нийслэлийн удирдлага томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Тэр нь одоохондоо морь уралдуулахаас хэтрэхгүй байгаа Хүй долоон худгийн хөндийд “Монгол наадам” цогцолбор барих. Тус цогцолбор одоохондоо барилгажаагүй, суурьшлын бүс үүсээгүй байгаа энэ хөндийд 13.6 мянган га талбайд сүндэрлэнэ. Тус цогцолборыг барихад 130 сая ам.доллар шаардлагатай. Энэ томоохон цогцолборыг БНХАУ-ын “Шанхай” групп” барихад бэлэн гэнэ. Хэрэв энэ групп төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарвал, шаардлагатай хөрөнгийг жилийн 1.5 хүртэл хувийн зээлээр авах боломжтой. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ тухай санамж бичигт 2014 оны долдугаар сард гарын үсэг зуржээ. “Монгол наадам” цогцолборын дарга П.Цогтбаатарын үзэж буйгаар одоогийн төлөвлөж байгаа төсөл нь эхний алхам. Цаашдаа цогцолборыг өвлийн спортын ордон, морин тойруулгаар өргөтгөнө. Хэтийн зорилго нь улирал харгалзахгүйгээр бүх төрлийн спортоор хичээллэх боломж бүрдэнэ.
Цэнгэлдэх хүрээлэн
Эхний төсөл 4-5 жилд хэрэгжинэ. Үүнд 30 мянган хүний суудалтай иж бүрэн инженерийн тоноглолтой цэнгэлдэх хүрээлэн, таван мянган хүний суудалтай морь барианы талбай, гурван мянган үзэгчийн суудалтай сур харвааны талбай, хоёр мянган үзэгчийн суудалтай шагай харвааны ордон, 200 өрөө бүхий орчин үеийн дээд зэрэглэлийн зочид буудал хамрагдаж байна. Төсөл хэрэгжсэнээр 500 гаруй тогтмол, 1000 гаруй улирлын чанартай ажлын байр бий болно. Өнөөгийн байдлаар Хүй долоон худагт соёолон морины уралдааныг үзэх гэж 100 гаруй мянган хүн ирдэг гэсэн тооцоо байна. Харин цогцолборын эхний ээлж ашиглалтад орсноор багаар тооцоход 200 мянган иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Наадамчин олонд үзүүлэх үйлчилгээг хувийн хэвшилд хариуцуулах замаар тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, улмаар тогтмол орлоготой аж ахуйн нэгжүүдийг байнгын ханган нийлүүлэгч болгох зохион байгуулалт хийнэ.
Шагайн харвааны ордон
Төслийн дараагийн ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр хэрэгжүүлэх ба ингэснээр цогцолборыг тойрсон хүчирхэг аж ахуйн нэгжүүд байгуулагдана. Цогцолбор нь зөвхөн үндэсний спортыг төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй. Бүх төрлийн спорт, аялал жуулчлал, олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулахад нээлттэй үйл ажиллагаа явуулна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн төсөөллөөр бол тус цогцолбор нь 2040 онд Улаанбаатар зохион байгуулах хүсэлтэй байгаа олимпийн наадмын бүтээн байгуулалтын эхлэл гэнэ.
Сур харвааны талбай
Өндөр зэрэглэлийн зочид буудал
Х.БАТТӨГС