Монгол наадам түүхэндээ тасарч байсан удаагүй гэдэг. Төр улсынх ч байсан, төрт ёсных биш ч байсан ямартаа ч ард түмэн маань зуны дэлгэр цагт наадмаа хийж хэдэн хүүхдээ хооллож, өвгөд хөгшдөө дурсан зовлон зүдгүүрээ нимгэлж байсан түүхтэй гэлцдэг. Арван гуравдугаар зууны “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадмыг хуран сард буюу долдугаар сард хийдэг байсныг тэмдэглэсэн. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулан буцах замд найр наадам хийж Хасарын хүү Есүнгэ 500 алд газар нум сум харвасан тухай бас тэмдэглэсэн. Монгол наадам ийм л эрт эдүгээгийн түүхэн уламжлалтай. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар Богдод өргөмжилж Ширээт цагаан нуурт наадам хийхэд Бөх лам түрүүлж, Бонхор донирын морь магнайдсан тухай эх сурвалжид бий. Долоон хошуу даншиг наадам тэгж эхэлсэн бол 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болж, түүнээс арван засгийн наадмын оноо данс эхэлдэг.
Ингэж Монголын ард түмэн хуртай зуны цагт наадмаа хийж, монгол нутагт хүүхдийн гийнгоо цангинан уул ус баясаж, хүчит бөхчүүд нь ир бяраа сорьж, мэргэн харваачид нь нум сумаа агсан уухай хадааж, хүн зонтойгоо цэнгэн жаргаж ирсэн юм. Наадам нь төрт ёс бат оршин тогтнохын билгэдлээс гадна эгэл жирийн ард түмэн зовлон зүдгүүр гуниг гутралаа мартан, хамаг бүгдээр цуглан халх ойрд бүх л монгол даяараа баясдаг, монгол үндэсний хамгийн дээд баяр. Манжийн дарлалд байхдаа ч монголчууд наадмаа таслалгүй хийж байсныг түүх гэрчилнэ. Ганцхан жишээ татахад, 1862 оны долоон хошуу дан шиг наадмын тухай Оросын консул бүрэн тэмдэглэл хийж сонинд гаргасныг төрийн соёрхолт О.Батсайхан баримтыг нь олжээ. Уг тэмдэглэлд монголчууд наадмынхаа эхэнд төр бат бөх оршихын билгэдэл болгон ерөөл тавьж бат оршил өргөдөг, найман өдөр дараалж бөх нь барилддаг тухай өгүүлсэн байдаг.
Харин 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш наадам ганцхан удаа тасарч, түүхийн хар толбо болж үлдсэн нь Дундад иргэн улсын Хятадын цэргийн генерал Сью Шү Жаны үед юм. Тодруулбал, 1919 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнг нас барсны дараа Чен И Хятадын талыг баримтлагч гэх Шанзав Бадамдорж, Гадаад хэргийн сайд Цэрэндорж нарын лам ноёдыг өөртөө татах бодлогыг амжилттай явуулж Хиагтын гэрээгээр тогтоосон Монголын Авто номийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах 64 зүйлийн гэрээ гэгчийг боловсруулан монголчуудад тулган өгсөн. Энэ үеэр Сью Шү Жан Хятадын хуурай замын цэргийн ангийг удирдан хүрээнд ирж Монголын автономийг устгах бичигт монголчуудыг гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлэн Монголын армийн зэвсгийг хураан, Монголын автономийг устгах ёслолыг 1920 оны нэг сард нийслэл хүрээнд хийсэн байдаг. 1920 оны нэгдүгээр сараас 1921 оны хоёрдугаар сар хүртэл Богд хаант Монгол Улсын төр Хятадын мэдэлд, Сью Шү Жа ны дарангуйлалд байсан. Тухайн үед Монголын шашин төрийг хослон баригч Богд эзэн хааныг Хятадын ерөнхийлөгчийн зурагт мөргүүлэх зэргээр бүхий л доромжлол үйлдлүүдийг хийсэн байдаг. Ийнхүү Богд хаант Монгол Улсын төр Хятадын мэдэлд шилжсэн 1920 онд Монгол наадам тасарсан.
Тэгвэл XXI зуунд туурга тусгаар бүрэн эрхэт Монгол Улсын наадам эрх баригч Монгол ардын намын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед дахин тасарч байна. У.Хүрэлсүх гэдэг энэ хүн цэргийн сургууль төгссөн, хурандаа цолтой . Цэрэг хүний ёсоор төрийн индэр дээрээс ёсолдог учир ард түмэн түүнийг Хүрэлсүх жанжин гэж ярьдаг. Тиймээс үүнийг нь товчлоод Хү Сү Жан гэж нэрлэж байгаа юм л даа. Үндсэндээ маш ойлгомжтойгоор дахин хэлэхэд “Хүрэлсүх жанжин” гэх үгийн л товчлол, түүнээс хятад ч гэх юм уу, тэгж ойлгож тэгж ойлгогдохоор бичиж байгаа зүйл байхгүй. Хятадын генерал Сью Шү Жаны үед тасарсан монгол наадам монгол цэргийн хурандаа Хү Сү Жан-ы үед 100 жилийн дараа дахин тасрахыг үздэг юм байна гэж Монголын ард түмэн өөр хоорондоо ярилцаж байна.
Монголчууд бид өнөө жил наадмаа хийж бүрэн болох байлаа . Яагаад наадам тасрахад хүрэв, юунаас болов гэхээр МАН өөрийнхөө зуун жилийн ойг наадамд нааж өгснөөр ийнхүү гуниг гутамшигтайгаар тасрахад хүрсэн. Уул нь үндэсний их баяр наадам МАН-ын 100 жилтэй ямар ч холбоогүй. Наадам бол Ардын намын биш ард түмний баяр. Гэвч Ардын намынхан 100 жилийн баяраа Ардын хувьсгалынхаа 100 жилийн баяртай хамт тэмдэглэнэ гэж сүүлийн хоёр жил ард түмнийг тамлан тарчилгасны эцэст монгол наадам тасарч байна. Эрх баригч нам 100 жилээ наадамтай хамт тэмдэглэхийн тулд сүүлийн хоёр жилд хэрхэн яаж ажилласныг бид мэднэ. Эхний жилд нь буюу 2020 онд Монголд ковидын цар тахал дотроо бүртгэгдээгүй байхад бүх зүйлийг тас хорьсон. Бүх албан газар аж ахуйн нэгжүүдийн үүд хаалгыг барьж, Монголд цагдаагаас өөр гар хөл нь хөдлөх хүнгүй болсон. Гэр гэрт нь түгжиж байгаад УИХ-ын ээлжит сонгуулиа хийж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Дараа жил нь буюу 2021 онд Ардын намын Ерөнхийлөгч Ардын хувьсгалын 100 жилээр Ардын намын баярыг хийж наадмаа нээх ёстой гэж үзээд Ерөнхийлөгчөө заавал ялуулахын төлөө байдаг чадлаараа улайран тэмцсэн.
Ардын нам ковидоор далимдуулан ард түмнийхээ тархийг угааж сонгуульд ялчихаад одоо боллоо гэсэн шиг бүх зүйлийг задгай хаясан. Ялангуяа орон нутгийн сонгуульд ялалт байгуулан зорилгодоо хүрчихээд төрийн шат бүхэнд хариуцлага гээчийг умарта нэрээ цээргүй, зах замбараагүй, дур зоргоороо авирласан. Ингэж аашилсны балгаар 2020 оны арваннэгдүгээр сард ковидыг дотроо алдаж ард түмнээ цар тахлын аюулт өвчин, үхэлтэй нүүр тулгасан. Гэвч намынхаа 100 жилийг наадмаар нээнэ гэсэн адын хүсэл нь юун хорио цээр, юун өвчин зовлон, аюул тахал бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа гэдэг хэрээс хэтэрч Хүрэлсүх жанжин нь 60 мянган хүний өвчлөл, 300 хүний үхлээр “хаан”-ы сэнтийд заларсан. Одоогийн байдлаар 655 хүн насан эцэслээд байна. Хэрвээ эрх баригч Ардын намын нөхөд албан тушаал, эрх мэдлээс өмнө ард түмэн улс орноо бодож, намынхаа 100 жилийг наадамтай хутгаж элийрч балайраагүй бол өнөөдөр Монголын ард түмэн наадмаа хийж цэнгэн жаргаж байх байлаа. Намынхаа баярыг тусад нь хийдэг юм байгаа биз. Ардын намын баяр ард олонд хамаагүй, наадамд бүр ч хамаагүй.
Тэгэхээр одоо Монголын ард түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэж сүлд хийморийн билгэдэл болсон есөн хөлт цагаан тугаа залж, Хүй мандлынхаа дэнжид бөхөө барилдуулан морио уралдуулан цэнгэмээр байна. Цар тахлын хүнд нөхцөлд заавал 1024 бөх барилдах албагүй. Уламжлал ёсоор 512 бөх ном журмын дагуу шинжилгээндээ хамрагдан, наадмын комиссын цөөн тооны хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан наадмаа зохион байгуулахад болохгүй нь юу байхав. Дахин хэлэхэд, Ардын намын 100 жил гээчээс болж ард түмэн хохирч, монгол наадам хэлмэгдэх учиргүй. Ийнхүү Сью Шү Жаны үед тасарсан монгол наадам Хү Сү Жаны үед дахин тасарч байгаа нь даанч өрөвдөлтэй.