Categories
мэдээ нийгэм

“Монгол костюмс”-ын захирал Б.Сувд шагналаа буцааж өгнө гэв

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Дээлтэй Монгол” наадмын нээлтэд үг хэлэх үеэрээ тус наадмын санаачлагчийг буруу зарласан нь цахим хуудаснаа шүүмжлэлийн бай болоод байгаа. Уг наадмын санаачлагч “Монгол костюмс” ХХК-ийн захирал Ц.Оюунгэрэл сайдад хандан ил захидал бичиж, Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналаа буцааж өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

“Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд дараах захидлыг бичжээ.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл танаа

Сайхан наадав уу? Сайд аа. Наадам сайхан болж өнгөрлөө. Наадмын дараах бага наадам “Дээлтэй Монгол” бүр ч сайхан болж өнгөрлөө. Би салбарын сайд таныг дээлтэйгээ анх удаа “Дээлтэй Монгол” наадамд хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэхэд сэтгэл догдлон харж суулаа. Харин таны хэлсэн үгийн дараа сэтгэл хоосроод явчихсаныг нуугаад яах вэ. Дээл хувцсаа эрхэмлэн дээдэлж, соёлын өвөө уламжлагч “Монгол костюмс”-ын санаачилж эхлүүлсэн “Дээлтэй Монгол” наадмын санаачлагчийг салбарын сайд таныг андуу ташаа хэлсэнд үнэхээр гайхаш төрлөө. За энэ талаар ч цахим ертөнцөөр нэлээн яриа өрнөж байгааг та уншиж суугаа байх. Өнгөрсөн жилийн эцсээр таны гарын үсэгтэй, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналыг санаанд оромгүй гэнэтхэн Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат “Дээлтэй Монгол” наадмыг санаачилж хийсэнд талархаж гардуулж өгөхөд давхар танд бас баярлаж байсан. Харин энэ шагнал маань “Дээлтэй Монгол” наадмын санаачлагч байх эрхээр барьцаалж өгсөн шагнал байжээ. Иймд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан гэсэн энэ шагналаа буцааж танд өгье дөө. Харин “Дээлтэй Монгол” наадмын санаачлагч байх эрхээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат нарт тийм ч амархан өгөхгүй ээ. Хуулийг уландаа гишгэдэг төрийн түшээдтэй байгаа энэ цаг өөрчлөгдөж, ухаалаг төртэй болно гэдэгт би итгэж амьдардаг. Таны Монголын өв соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд амжилт хүсье.

“Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *