Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүн 90 жилийн чөдрөөсөө салах боломж ирэх үү?

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх талаар ид ярилцаж байна. Өчигдөр л гэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Манай сонин энэ хуулийн талаар өмнө нь бичиж байсан.

Шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар цөөхөн хүн нам байгуулах боломжтой болж байгаа нь улс төрийн намуудыг хүчгүй болгож сульдаах, устгахын үндэс. Нам хүчгүйдэж алга болбол оронд нь дарангуйлагч л гарч ирэх сөрөг талтай хэмээн шүүмжилж байсан билээ.

Шинэ хуулийн төсөлд энэ мэт дэмий заалт байгаа. Гэхдээ энэ удаа дэмий заалтыг нь гол болгон шүүмжлэх гэсэнгүй.

Түүний оронд бас шинэ дэвшилттэй олон заалт байгааг дуулгах гэсэн юм. Эдгээр нь ард түмэн, улс оронд хэрэгтэй гэж болохоор зүйлүүд байна. Тухайлбал, улс төрийн намууд хатуу гишүүнчлэлгүй болох, орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ намаас нэр дэвшихгүй байх, гурван мянгаас доош хүн амтай сум сууринд намын анхан шатны үүр байгуулахгүй гэх зэрэг чухал хэрэгтэй заалтуудыг нэрлэж болох юм.

Монголчууд бид өвөрмөц сэтгэлгээтэй үндэстэн. Нэг намын гишүүн бол нөгөөхөө үзэж чадахгүй болтлоо мууддаг. Ялангуяа сонгуулийн үеэр ийм авир их тод илэрнэ. Нэг дорынхон байтугай нэг гэр бүл дотроо нам намаа өмөөрч муудалцах нь энүүхэнд. Намаар талцан хуваагдахаас гадна намын нэрээр бизнес хийж яаж дампууруулж болдгийг бид хангалттай харлаа.

Тийм болохоор олон ололттой зүйл заалт бүхий шинэ хуулийг даруйхан баталчих хэрэгтэй юм. Харин шинэ хууль батлагдангуут одоогийн намуудыг татан буулгаж дахин бүртгэх нь хамгийн эрүүл хувилбар байж мэднэ. Яагаад гэвэл шинэ хуулиар бүх намууд шинэ гараанаас ижил нөхцөлд гарах ёстой гэсэн үүднээс.

Нам мөнгө олох гэж аж ахуйн ажил эрхлэх, байр сав гэх зэрэг их хөрөнгөтэй байх нь үйл ажиллагаанд нь хэрхэн сөргөөр нөлөөлдгийг өнгөрсөн жилүүдийн туршлагаас харж болно. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн төсөлд улсын төсвөөс намуудад суудлынх нь тоогоор мөнгө хуваарилах, мөн намын хандивыг ил тод, тодорхой хязгаартай байхаар зааж өгсөн нь их зөв зүйл болжээ.

МАН байгуулагдаад 90 жил болж байна. Анхнаасаа л хатуу гишүүнчлэлтэй нам байсан. Намын гишүүн бус бол хүн биш дайсан мэт үздэг байсан үеийн тухай ахмадууд ярьдаг. “Салхилгагүй” хүмүүсээ намаас хөөж шийтгэдэг, намаас хөөгдөгсдийн амьдрал гэр бүл, ах дүүсээрээ нэгмөсөн нурж унадаг нийгмийн тухай түүхийг бид гайхан сонсдог. Гэтэл ийм гишүүнчлэл одоогийн намуудад ч хэвээрээ байгаа шүү дээ.

Өдгөөгийн энэ цагт эрх барьж буй намын гишүүн биш л бол ажилгүйчүүдийн эгнээнд марш. Ялсан намын гишүүн гайгүй ажилд ордог, ялагдсан намын гишүүд хичнээн мэдлэг боловсролтой байгаад ч гудамжинд лааз өшиглөөд явж байдаг. Монгол Улс угаасаа цөөхөн хүн амтай болохоор боловсон хүчний нөөц бага.

Байгаа хэдэн боловсон хүчнээ намууд өмчилж аваад өөрийн намын биш хүмүүсийг дайсан мэт үзэж ажлаас нь халаад байхаар монгол төрийн чадвар чадавхи тэр хэрээр суларч байна. Хэрэв намын хатуу гишүүнчлэлгүй болбол ялсан нам нь аль л туршлагатай, мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ шилж сонгож ажиллуулах боломж бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл, аль ч нам ялсан ялгаагүй өөрийн хүний гэхгүй болохоор төрд мэдлэг, чадвартай хүмүүс ажилласан хэвээрээ байх болно. Нэг ёсондоо боловсон хүчин аль ч намд ажиллаж болдог болж хөрвөж байна гэсэн үг.

Ингэж чадвал монголчууд намын гишүүнчлэл гэсэн 90 жилийн чөдрөөсөө салах боломж гарч байх шиг байна. Сонгууль болсны дараа төрд ажиллаж байгаа хүмүүс намын харьяаллаар хэдэн зуугаараа халагддаг байдал арилж төр тогтвортой, залгамж халаатай чадамж чадвартай болно. Гагцхүү тэрхүү боловсон хүчнүүд Төрийн албаны тухай хуулиа л хатуу чанга мөрдөх хэрэгтэй. Улс төрийн намын хууль шинэчлэгдвэл төрд ажиллаж байж намдаа хэт үйлчлэх, намын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах, намаа сурталчлах гэх мэт зүйлүүд аяндаа алга болох юм.

Манайх МАН, АН гэсэн хоёр том намтай гэдэг ч яг нам гэдэг үндсэн ойлголтоороо бүрэлдэн төлөвшиж чадаагүй байгаагийн шалтгаан нь боловсон хүчний хомсдол юм. Боловсон хүчин дутагдалтай учраас нам нь хувь хүнээс шалтгаалахгүйгээр өөрөө өөрийгөө аваад явчих институци болж тогтож чадаагүй байна. Тиймээс олон улсад мөрдөгддөг зарчмуудын дийлэнх нь манайд тохирдоггүй. Тэдгээр зарчмын нэг нь боловсон хүчнээ, төрийн түшмэдүүдээ бүүр тодруулбал сэхээтнүүдээ намаар нь хуваагаад байвал монгол төр дампуурдаг юм байна гэдгийг сүүлийн 20 гаруй жил бид харлаа.

Олон жил намын харьяалалтай байж, ялсан намын хүн л ажилд томилогддог ойлголттой болсон хүмүүс намын хатуу гишүүнчлэлгүй байна гэдгийг эсэргүүцэж мэднэ. Тэгвэл намын гишүүнчлэлгүй хэрнээ яаж тогвортой ажиллаж болдог жишээ бас манайд байна аа. Цагдаа, шүүх, прокурор, тагнуул гээд хүчний байгууллагуудыг 20 гаруй жилийн өмнөөс намын харьяалалгүй болгосон. Монголын төрөөс тэд л өнөөдөр тогтвортой, мэргэжлийн бас сайн ажиллаж байна шүү дээ. Аль нэг ялсан намынхан шүүхийг бид өөрсдийн хүнээрээ дүүргэнэ гэвэл юу болох билээ. Цагдаа, прокуророо бид намын хүмүүсээрээ хийлгэнэ гэвэл улс орон хөл толгойгоо алдана биз дээ.

Ялсан намынхан сайндаа л дээрх байгууллагын дарга нарыг нь сольдог. Боловсон хүчин арай гайгүй нь тэр чигийн мэргэжлийн хүнийг, боловсон хүчний нөөцгүй нам нь 40 мянгатад хулгай хийж явсан хүнийг ч хамаагүй толгойд нь тавьдаг. Тэглээ гээд мэргэжлийн системд нь өөрчлөлт ордоггүй. Өөрчлөлт оруулах боломж ч байхгүй, тийм мэргэшсэн багийн нөөц ч манайд алга. Ер нь нэг дарга солигдоод нийт системд өөрчлөлт орохгүй гэсэн үг.

Яг үүн шиг боловсон хүчнээ намууд өмчилж авмааргүй байна. Хэрэв намын хатуу гишүүнчлэлийг алга болговол манай цөөн боловсон хүчин аль ч төрийн үед хөрвөж ажиллах боломж бүрдэх юм.

Сүүлийн үед монголчуудын төрдөө итгэх итгэл илт буурсан шиг харагддаг. Хүн бүр л төрд алба хашиж байгаа хүмүүсээ харааж зүхэж, элдвээр хэлж байна. Төр, ард түмэн хоёр ингэж хөндийрч холдохын эхлэл мэргэжлийн бус хүмүүс төрд ажилласнаас үүдэлтэй. Тэгвэл тийм хүмүүс яагаад төрд очдог юм бэ гэж. Ялсан намын гишүүд бялуунаас хүртэх ёстой гэсэн улс төрийн хатуу гишүүнчлэлтэй намын дүрмээс болж тэнд үүрлэдэг.

Мэргэшсэн, чадварлаг, туршлагатай хүмүүс ажиллах ёстой газар ялсан намын гишүүд болох мэдлэг чадваргүй нөхөд очоод суучихаар хүмүүсийн итгэл үнэмшил багасаад ирдэг. Төр, ард түмэн хоёр холдож хөндийрөхийн гашуун түүхийг Украины сүйрлээс бид харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Монгол хүн 90 жилийн чөдрөөсөө салах боломж ирэх үү” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх талаар ид яригдаж байна. Өчигдөр л гэхэд Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар цөөхөн хүн нам байгуулах боломжтой болж байгаа нь улс төрийн намуудыг хүчгүй болгож сульдаах, устгахын үндэс. Нам хүчгүйдэж алга болбол оронд нь дарангуйлагч л гарч ирэх сөрөг талтай хэмээн шүүмжилж байсан билээ. Шинэ хуулийн төсөлд энэмэт дэмий заалт байгаа. Гэхдээ энэ удаад дэмий заалтыг шүүмжлэх гэсэнгүй. Түүний оронд бас шинэ дэвшилттэй олон заалтууд байгааг дуулгах гэсэн юм. Тухайлбал, улс төрийн намууд хатуу гишүүнчлэлгүй болох, орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ намаас нэр дэвшихгүй байх, гурван мянгаас доош хүн амтай сум сууринд намын анхан шатны үүр байгуулахгүй гэх зэрэг чухал хэрэгтэй заалтуудыг нэрлэж болох юм.

Нийтлэлийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрнээс уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *