Categories
мэдээ нийгэм

Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, түүний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбар бэлэн болжээ. Энэ толийг цахим хэлбэрээр гаргаж байгаа бөгөөд эхний байдлаар цахим тольд 60 гаруй мянган толгой үг, 80 гаруй мянган хоршоо, холбоо үг, хэвшмэл хэллэгийг багтаасан байна. Цаашдаа “Монгол уран зохиолын дээж” 108 ботийн үг хэллэг, өдөр тутмын тогтмол хэвлэлийн болон улс төр, шинжлэх ухааны үг хэллэгийг дэлгэрэнгүй оруулахаар болжээ.

Монгол хэлний цахим их тайлбар толийг бүтээх ажил 2014 оын арванхоёрдугаар сарын 17-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төсөл төлөвлөгөөний дагуу 2015 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр бэлэн болох юм.

Тус толийг дэлхийн хаанаас ч www.mongoltoli.mn, www.монголтоль.мон гэсэн цахим хаягуудаар орж үзэх боломжтой бөгөөд хүссэн хүн бүхэн нутгийн аялгуу, ажил мэргэжлийн онцлог үгийг кирил, монгол үсгээр, боломжтой бол тайлбар, жишээ, зургийн хамт байршуулж баяжуулж болох юм байна. Үгийн хайлтыг кирил, монгол бичгийн аль алиар нь хийж болох боломжийг бүрдүүлжээ. Хэрэглэгчид уг цахим хуудаст зочилсноор сонирхсон үг болон тухайн үгийнхээ утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харж, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм.

Толь бичиг бэлэн болсны дараа ч олон нийтийн оролцоотойгоор цаашид улам бүр өргөжин хөгжсөөр байх нь уг бүтээлийн онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *