“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит 6 дугаар хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болов.
Засгийн газар хоорондын энэхүү Ажлын хэсгийн хуралдааныг монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке нар тэргүүлэн хийв.
Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны гол зорилго нь хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ялангуяа уул уурхай, эрдэс баялгийн салбарт төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломж бололцоог бүрдүүлэх юм.
Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн дэргэдэх Эдийн засгийн хорооноос санал болгож буй төсөл, хөтөлбөртэй танилцаж, Берлин хотноо болсон 5 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.