Монгол эмч нар дэлхийд маш ховор тохиох эмгэгийг эх орондоо эмчилж эдгээжээ. Энэ талаар АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолой судлалын тэнхимийн багш П.Мөнхбаатартай ярилцлаа.
-ЦААШИД ХҮЗҮҮ, ТОЛГОЙН МЭС ЗАСЛЫГ ЧИХ, ХАМАР, ХООЛОЙТОЙ НЭГТГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-
-Та бүхний дэлхийд ховор тохиолддог эмгэгийг Монголдоо эмчилсэн гэж дууллаа. Энэ ямар өвчин байсан юм бэ?
-Өвчтөн маань Баянхонгор аймгийн иргэн, 37 настай хүн байгаа. Бидэн дээр ирэхээс гурван сар орчмын өмнөөс хамраас нь шингэн зүйл гарч эхэлсэн байсан. Улсынхаа олон эмнэлгээр явж үзүүлсэн ч онош нь тогтоогдоогүй. Зарим эмнэлгүүд харшил гэж оношилсон байсан. Өвчтөн сууж байхад, тонгойх үед хамрынх нь нүхээр өнгө, үнэргүй шингэн зүйл гоожиж байсан. Хамрыг дурандахад хаанаас гарч байгаа нь тодорхойгүй, яг л ус шиг дусалж байсан юм. Тэгэхээр нь уг шингэнээс нь дээж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд тархи, нугасны шингэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлвэл тархины шингэн алдах өвчин гэж оношилсон. Энэ өвчин даамжирвал өвчтөн менингит болох, цаашлаад амь насанд нь эрсдэл учирч болзошгүй юм.
-Өмнө нь манай улсад ийм өвчтэй хүн оношлогдож байсан уу? Юунаас болж үүсдэг өвчин бэ?
-Өмнө нь оношдлогдож, бас эмчлэгдэж байгаагүй. Өвчтөн Д яагаад ийм эмгэгтэй болсон нь одоохондоо тодорхойгүй байна. Өмнө нь ямар нэг бэртэл гэмтэл авч байгаагүй, гэхдээ нэг таамаг бий. Энэ юу гэхээр өвчтөн 170 см өндөр, 120 кг жинтэй, тархины дотоод даралт нь ихэсдэг байсантай ч холбоотой байж мэднэ. Уг өвчний талаар судалж үзэхэд дэлхийд маш ховорт тооцогддог өвчин байсан. Тухайлбал, 40 сая хүн амтай Польш улсад л гэхэд энэ өвчний хоёр л тохиолдол бүртгэгдсэн байсан юм. Тэгэхээр гурван сая хүн амтай манай улсад нэг тохиолдож байгаа нь энэ. Мөн оношлогдоогүй хэдэн хүн байгааг бид хэлж мэдэхгүй юм.
-Өвчнийг хэрхэн эмчилсэн талаараа ярихгүй юу?
-Шинжилгээгээр өвчний онош тодормогц бид өвчтөнийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч О.Алтай-Очир луу явуулсан. Өвчнийг эмчлэхийн тулд өвчтөний тархийг нээж, шингэн гоожиж буй хэсгийг бөглөх ёстой. Гэвч ийм хагалгааны дараа хэд хэдэн эрсдэл учирч болзошгүй. Хагалгааны дараахь эрсдэлийг өвчтөнөөс нууж болдоггүй. Нээлттэй хагалгааны дараа өвчтөн үнэрлэх мэдрэмжээ алдаж болзошгүй байсан. Мөн тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж, унаж татдаг өвчтэй ч болж мэднэ. Тиймээс өвчтөн болон түүний ар гэрийнхэнд дурангийн хагалгааг санал болгосон. Учир нь дурангийн хагалгаа хийвэл гавал тархийг нээсэн шиг хүндрэл гарахгүй, өвчтөний амьдралын чанарт нь ч эерэг нөлөөтэйг хэлсэн. Мөн бид энэ хагалгааг анх удаа хийж байгаа гэдгээ хэлсэн. Ингээд өвчтөн өөрөө аль эмнэлэгт хагалгаа хийлгэхээ шийдэж, бид хагалгаанд бэлдэж эхэлсэн.
-Та бүхэн хагалгааг анх удаа хийсэн гэлээ. Зөвлөх эмч юм уу, өмнө нь ийм төрлийн хагалгаа хийж байсан эмч нартай хамтарсан уу?
-Гуравдугаар эмнэлгийн О.Алтай-Очир эмч бидэнд маш их тусалсан. Мөн тархи, нугасны шингэний цоорхойг хэрхэн бөглөх, ямар цавуу хэрэглэдэг гээд бүгдийг нь зааж зөвлөсөн. Бидний хийх хагалгааны гол зорилго нь тархины шингэн гоожиж буй сувгийг хаах ёстой. Манай өвчтөний хувьд тархины хатуу бүрхүүл нь даралтаа даалгүй, суурь хөндий рүүгээ цүлхийгээд ороод ирсэн. Тийм учраас хальс нь хагарчихаад, шингэн нь гоожиж гадагшилж байсан юм. Анхандаа шингэн гоожиж байгаа газар нь лабораторийн болон CT, MRI-гаар харагдаагүй. Ийм тохиолдолд хагалгаа хийхэд түвэгтэй. Тиймээс гадаадын эрдэмтдийн судалгааны ажлуудыг үзэж, төстэй шинж тэмдэгтэй хүнийг хайж эхэлсэн. Судалгааны явцад эмчилгээний аргачлал олж мэдсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хагалгаанаас цаг орчмын өмнө флуоресцен гэдэг тодосгогч бодисыг нугасны шингэн рүү шахаж, аль хэсэгтээ цоорсныг мэдэх юм. Ингээд манай тэнхимийн Бурмаа ахлагчтай унтуулгын багийнхан нугасанд хийснээр хагалгаа эхэлсэн. Хагалгааг АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлгийн эмч нар гардаж хийсэн.
-Одоо өвчтөний биеийн байдал ямар байна вэ?
-Хагалгаа маш амжилттай болсон. Одоо өвчтөний биеийн байдал сайн байгаа. Өвчний зовиур шинж тэмдэг бүрэн арилсан байна. Өвчтөн эмч нарын хяналтад байж тогтмол үзүүлж байх хэрэгтэй.
-Дурангийн хагалгаагаар хамрын хөндийн бүх төрлийн эмгэгийг эмчилж болох уу?
-Манай улсад дурангийн хагалгаа хөгжөөд нэг их удаагүй байгаа. Хэдий тийм боловч зөвхөн хамар хоолой гэлтгүй бүх төрлийн мэс засал дурангаар хийгдэж байна. Хамрын хөндийн тухайд дурангаар суурь хөндийг нээгээд тархи, нугасны шингэний алдагдлыг эмчилж байна гэдэг маш том амжилт юм. Цаашид бид хүзүү, толгойн мэс заслыг чих, хамар, хоолойтой нэгтгэхээр ажиллаж байна. Тэгэхээр бамбай, шүлсний булчирхай, төвөнх, эрүү, нүүрний хортой, хоргүй хавдар, толгой, хүзүүний гэмтэл зэргийг эмчилдэг болох юм.