БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Цолмонгийн дело (хэрэг) 1969-1990. 1968 оны Чехословакийн бослогын үеэр тэнд сурч байсан оюутан Цолмон найз залуугаа даган Австри руу дүрвэн гарчээ. Залуу нь түүнийг хаясан учир жил гаруйн дараа эх орондоо эргэж ирсэн. Энэ нь дэглэмийн эрх баригчдад суртал нэвтрүүлэг хийх аятай далим болсон байна. Эвлэлийн төв хороо энэ хүүхнийг “дааж авч хүмүүжүүлэх” үүрэг аваад Залуучуудын үнэн сониндоо “Зүрхэнд шивсэн өргөс” нэртэй цуврал өгүүлэл гаргаж, хөөрхий эмэгтэйг орон даяар шившиглэх далайцтай үзүүлэн болголоо. Цолмонг хэсэг хугацаанд шоронд байлгасан, харин ээжийг нь номын төв дэлгүүрт худалдагч хийдгийг нь зарлалаа. Хүмүүс ээжийг нь үзэх гэж хэдэн мянгаараа номын дэлгүүр зорино. Дараа нь шоронгоос суллагдсан Цолмонг зориудаар мөнөөх дэлгүүрт худалдагчаар тулган тавсан нь жигшүүрт хүүхнийг нүдээр үзэх гэсэн хүмүүсийн тоог ихээхэн нэмжээ. Цолмонг Австрид хоол ундгүй өлсөж зовж байсан, аргагүйн эрхэнд биеэ үнэлж байсан гэх зэргээр огт үндэслэлгүй гүтгэн бичих болсон. Хэдэн хулигаан хутга тулгаж байгаад подвальд чирч аваачин ээлжилж хүчиндсэн тохиолдол гарсан боловч цагдаа асуудлыг авч хэлэлцээгүй.
Хожим нь мөн гадаад хүнтэй үерхсэн хэргээр Туул хэмээх бүсгүйг нийтээр шившиглэж байв. Түүнийг шоронд хийсэн, хөдөө цөлж хүнд хөдөлмөрт дайчилж байсан. Тэрээр Цолмонгоос ялгаатай нь буруугаа хүлээх байтугай илээр эсэргүүцлээ илэрхийлж, нам засгийг буруутган үг хэлээр давшилдаг байжээ. Туулын хэргийг намын бүх шатны хурлуудаар оруулан, сэтгүүлчтэй хийсэн “нууц” ярилцлагыг нь зөвхөн намын гишүүдийн хүрээнд авч хэлэлцэн, найдвартай хүмүүсийн хүрээнд “үзэн ядуулах цуглаан” зохион байгуулж байв.
Үүнтэй зэрэгцэн НАХЯ-нд бэлгийн өөр хандлагатай хүмүүстэй тэмцэх тусгай тасаг ажиллаж байлаа. Ижил хүйстэн 300 орчим хүнийг илрүүлэн бүртгэсэн тул тэднийг байнга дарамтлах, ажил төрөлгүй болгох, тэднээр дамжуулан өөр бусад ижил хүйстнүүдийг илрүүлэх ажил зохион байгуулна. Харин үүнийгээ нийтэд зарлахаас болгоомжилдог байв.
Магваны дело (хэрэг) 1978-1988. Биеийн тамирын улсын хороон дарга Ш.Магван 1977 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогджээ. Энэ нь Монгол Улс Олон улсын нэр хүндтэй том байгууллагад төлөөлөгчөө сонгуулж чадсан анхны тохиолдол. Гэвч атаархал, хов живнээс болж түүнийг жилийн дараа албан тушаалаас нь зайлуулж, Шаазан ваарны үйлдвэрт ажиллуулах болов. Иймэрхүү ажиллагаанд ганц нэг хүнийг золиослоод зогсдоггүй, томоохон бүлэг хэрэг илрүүлсэн “гавьяа” болгон хөгжүүлдэг туршлага давтагдав. Магваны дүйвээнд нь дасгалжуулагч Магсар зэрэг спортын мэргэжилтэн зүтгэлтэн нэлээд хэдэн хүн намаас арга хэмжээ авахуулж ажил төрөлгүй болов. Гол зорилго нь Магваныг Олон улсын олимпийн хорооны гишүүнээс хөөлгөх явдал байлаа. Дасгалжуулагч Магсарыг богооны жолооч машинист болгосон.
Ингээд Улс төрийн товчооны нууц даалгавраар, янз бүрийн хаягаар ОУОХ-д захидал бичин уг байгууллагын гишүүнээс Магваныг хасах, Монголыг өөр хүнээр төлөөлүүлэх тухай санал хүсэлт хэд хэдэн удаа тавьсан. Гэтэл ОУОХ-ы гишүүд нь аль нэг улсыг төлөөлдөггүй, зөвхөн хороогоо төлөөлдөг учир Магваныг солих өөрчлөх, гишүүнээс нь чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэхгүй гэсэн нэгэн утгатай хариу олонтаа ирүүлж байв. Магваныг хавчин гадуурхах явдал хэрээс хэтэрсэн тул ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч өөрөө Монголд зориуд айлчлан ирж Магваныг өмөөрч байгаагаа Монголын удирдлагад битүү утгаар ойлгуулж шуугианыг нэг мөр дарсан байдаг.
Балдангийн дело (хэрэг) 1982. Ширэндэвийн делод Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгийн захирал Балдан холбогджээ. Түүнийг намаас хөөж ажлаас нь халсан төдийгүй бичсэн бүтээл номыг нь хориглов. Бүтээл дотор нь дунд сургуулийн химийн сурах бичиг хамаарчээ. Шинэ сурах бичиг хэвлэгдэж арай амжаагүй байсан тул дунд сургуулиудын химийн сурах бичгийн эхний нүүрэнд зохиогчийн нэр бүхий хуудсыг тастан авч устгууллаа.
Мөн хатуу хавтастай сурах бичгийн нүүрэнд буй зохиогчийн нэрийг баллуурдан арилгах ажил зохиов. Үүнийг Монголын бүх дунд сургуулиудын удирдлагад үүрэг болгож урах тасдах, баллуурдах ажлыг багш нар өөрийн гараар үйлдэх албатай байсан боловч ихэнх сургуульд багш нар ажлыг сурагчдаар өөрсдөөр нь үйлдүүлжээ.
Кино хальс, фото зураг устгах дело (хэрэг) 1938-1990. Сергей Эйзенштейн 1927 онд Октябрийн 10 жилийн ойд “Октябрь” гэсэн шилээвэр кино бүтээжээ. Яг тэр үед Октябрийн хувьсгалын гол удирдагч Троцкийг эсэргүү хэмээн ЗХУ-аас хөөн гаргасан. Эрх мэдэлд хүрсэн байсан Сталин уг киноноос Троцкийн дүрстэй бүх хальсийг тайруулан устгасан. Буруутсан хүнийг түүхээс хасах энэ өвчин Монгол кино үйлдвэр байгуулагдсан үеэс Монголд хуулбарлагдан давтагдах болов.
Монголын нам төрийн зүтгэлтэн маш олон хүний зураг болон кино хальс үүрд устан алга болсон. Данзан тэргүүтэй төлөөлөгч 1921 оны 10 дугаар сард Москва орж Зөвлөлт Оросын Гадаад хэргийн хэсэг ажилтнуудтай уулзан хэлэлцээ хийгээд буцах замдаа Эрхүүгээр дайран большевикүүдтэй уулзан ярилцсаныг кино хальсанд буулгажээ. Уг баримтат дүрсийг Зөвлөлтөөс хуулбарлан авчрангуутаа “эсэргүү” болсон Данзан, Ширнэндамдин нарын дүрсийг хайчилснаар энэ ажиллагаа эхлэл болсон. Сүхбаатар, Чойбалсан нартай хамт зургаа даруулсан олон фото зургаас хамтран зүтгэгчдийнх нь хөргийг арилгах ажиллагааг архивын материалаас шүүн хайчлах, баллах, устгах ажиллагааг тасралтгүй системтэйгээр зохион байгуулж байв. Сүүлдээ Намын төв хорооны Үзэл суртлын хэлтэст “үзэл суртал хариуцсан тасаг” гэдгийг нээж намаас зэмлэгдэн буруутгагдсан хүмүүсийг “түүхээс хасах” ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй болгов. Тасгийн дарга Т.Баасансүрэн байнга Кино үйлдвэр, Гэрэл зургийн архиваар өөрийн биеэр айлчлан кино хальс фото зураг хайчлах устгах ажлыг гардах болжээ. Ийнхүү сүүлийн үеийнхээс гэхэд Ринчин, Ширэндэв, Чадраа, Жалан-Аажав, Төмөр-Очир, Цэнд гээд олон хүний хальсанд буусан дүрс төдийгүй, дотор нь тэдний дүрс орсон кино журналууд тэр чигээрээ устгагдсан.
Хятад иргэдийг Монголоос хөөн зайлуулсан дело (хэрэг) 1983. Кремльд Цэдэнбалын гол түшиг асан Брежнев 1982 онд бие барав. Дараа нь гарч ирсэн хүнд улстөрийн найдвартай түнш гэдгээ харуулах ямар нэг хурц акци зохиох хэрэгтэй гэж Цэдэнбал бодсон бололтой. Тэрээр Монголд он удаан жил хэдэн үеэрээ амьдарсан хятад иргэдийг хөөх акци бодож олжээ. Гэнэт гаргасан энэ шийдвэр нь Цэдэнбалын хувьд Кремлиэс асуулгүй бие даан гаргасан цөөхөн санаачлагын нэг байх. Тэгээд ч Брежневээс хойших удирдагчид улс орныг удирдах чадваргүйгээр голдуу эмнэлэгт хэвтэж байсан.
Хятад иргэдийг даруй Монголын бөглүү хөдөөд очиж амьдрах, эс бөгөөс иргэний харьяаллын дагуу Хятад руу шилжих болзол тавьжээ. Нэлээд хятад иргэд, тэднийг дагалдаад монгол эхнэрүүд, Хятадыг байтугай хятад хэл мэдэхгүй, Монгол Улсад төрж өссөн хүүхэд залуус ачигдан БНМАУ-аас хөөгдөн явлаа. Эх орноо орхин нөхрөө дагаж явсан монгол эхнэрүүдийг жигших суртал нэвтрүүлэг хүчтэй явуулж, үзэл суртлын ажиллагаа муу байсныг илрүүллээ хэмээн гэр хорооллыг шугамын радиожуулах, сонин уншлага, суртлын лекц семинарийг хотын зах руу өргөжүүлэх шийдвэр тогтоол гарч нам эвлэлийн ажилтан, гишүүдийг өргөнөөр дайчлав.
Цэдэнбалыг огцруулах дело (хэрэг) 1984. Хятад иргэдийг гэнэт хөөн гаргасан нь Хятадын Засгийн газрын эсэргүүцэлтэй тулж тэд эсэргүүцлийн ноотоо Кремльд хаяглав. Энэ үед эмнэлэг сахисан удирдлага нарын өмнөөс жинхэнэ эрх мэдлийг Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гадаад яамны сайд А.Громыко барьж байлаа. АНУ-тай харилцаа онц муудсан байсан тэр үед Андроповоос эхлээд Хятадтай харилцаагаа сайжруулах арга чарга хайж байтал гэнэт үнэнч холбоотон БНМАУ нь ийм цочмог арга хэмжээ асуулгүйгээр зохион байгуулж түүнээ ид хав болгон үзэл суртлын тоглолт болгон хувиргажээ.
Громыко Улс төрийн товчооны хуралдааныг удирдан хийлгэж энэ асуудлыг хэлэлцээд Цэдэнбалыг яаралтай огцруулах шийдвэр гаргажээ. Гэхдээ “Хятадтай найрамдахын тулд” гэх мэтийн улс хоорондын хаяг наахаас болгоомжлон, түүний дотоод бодлого биеийн болон сэтгэцийн байдалтай холбоотой дүгнэлт гаргуулахаар Комсомолын удирдагч асан Сергей Павловыг элчин сайдаар, КГБ-ын генерал Всеволод Радченког Монголын НАХЯ-ын зөвлөхөөр даруй томилон Монгол руу илгээв. Хэдхэн сарын дотор тэд хангалттай шалтгаан олж цуглуулав. Эрдэнэтийн асуудлаас болж Монголын нам төрийн удирдлагыг бөөнөөр нь халж солихоор бэлдэж байгаа, эхнэр нь үнэн хэрэгтээ Монголын улс төрийн бүхий л хэргийг шийдэж байгаа, өөрөө архинд гүн донтсон, сэтгэцийн хувьд хэдийнэ биш болж орчин тойрноо ойлгохоо больсон гэх мэтийн урт жагсаалт авчирчээ.
Опперацийг богино хугацаанд амжилттай бүтээж, Москвад гэр бүлийн хамт ирэхэд нь “баривчлан” эмнэлэгт хэвтүүлээд, өвчний учир Монгол руу буцах боломжгүй гэсэн акт гаргав. Цэдэнбалын орыг Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх авч үргэлжлүүлэхийг Кремль хэдийнэ урьдаас төлөвлөсөн байв. Цэдэнбалыг огцруулах ажиллагааг Монголын талаас урьдчилж мэдсэн нэг ч хүн байгаагүй.
Тойрон хүрээлэгчдийн дело (хэрэг) 1990. Улс орон ардчилсан тогтолцоо руу шилжиж байгаатай холбогдуулан МАХН түүхээ эргэж харан намаа шинэчлэхээр шийдэв. Намын Их хурлаар Цэдэнбалын асуудлыг авч хэлэлцээд түүнийг МАХН-аас хөөжээ. Бүх гавьяа шагнал одон медалийг нь хураах үүргийг төрд тушаасны дагуу ёсоор болгов. Цэдэнбалтай ойр дотно хамтран ажиллаж байсан хүмүүсийг давхар буруутгаад “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэх дело нээн үүнд 20 гаруй хүнийг хамруулан байцаалаа. Энэ ажлыг МАХН-ын их хурлаас томилогдсон тусгай баг гүйцэтгэсэн. Хэдийгээр тойрон хүрээлэгчдийн хэрэг шүүх прокуророор ороогүй, зөвхөн МАХН-ын дотоод асуудал маягаар өрнөсөн боловч нийгмийг жигшээх “үзэн ядах цуглаан” маягаар мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилжээ. Аяндаа энэ хэрэг замхран мартагдаж өнгөрсөн ба 1997 онд Цэдэнбалын цол тэмдэг, гавьяа шагналыг буцаан олгосон.
Цэдэнбалын дело (хэрэг) 1989-1991. Цэдэнбал, түүний эхнэр Цеденбал-Филатова нар нам төрийн удирдлагад байхдаа идэж шамшигдуулсан, үрэн таран хийсэн мөнгө төгрөг, эд материалын талаар прокурор хэрэг нээн мөрдөн шалгаж эхлэв. Цэдэнбалын нэр дээр банкны хадгаламжид буй 1 сая 300 мянган төгрөгийг нь Батмөнх дарга Москвад Цэдэнбалын нэрийн данс руу нь шилжүүлсэн асуудал юун түрүүн хөндөгдөв. Мөн Цэдэнбал, Филатова нар 1988 онд Улаанбаатарт түр ирээд буцахдаа асар их эд зүйл хойш нь ачаад явсан явдал, Цеденбал-Филатова Хүүхдийн фондыг тэргүүлж байхдаа ямар ч хяналтгүйгээр үрэн таран хийсэн эд мөнгө, Тусгай хангамжийг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг хэргүүд ар араас нь нэмэгдэв. Цэдэнбалыг 1991 онд Москвад нас барахад Улаанбаатарт оршуулсан, тэр үед ч прокурорын мөрдлөг үргэлжилж байсан. Тэгсхийж байгаад прокурор сэмээр хэргээ хааж асуудал дахиж сөхөгдөөгүй.
Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртэлх түүхийг дараагийн дугааруудад хэлхье.
2020.4.17