Монгол, Чили улсын ГХЯ, Чили улсын “ProChile” агентлагтай хамтран хоёр улсын бизнес уулзалтыг зохион байгуулав. Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон уг цахим уулзалтад хоёр орны уул уурхай, хүнс, жимс, ХАА-н чиглэлийн 20 гаруй аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод оролцож, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар мэдээлж танилцуулав.
Уулзалтад хоёр улсын ГХЯ-дын чиглэлийн газрын удирдлага, мөн тус тусын улсад хавсран суугаа Элчин сайд нар оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бололцоог ашиглахын чухлыг тэмдэглэв. Монгол, Чилийн бизнесийн анхдугаар уулзалт нь цаашид хоёр улсын хувийн хэвшил хооронд шууд холбоо тогтоох, шинэ түнштэй болох, сайн туршлага судлахад ач холбогдолтой боллоо.
Улмаар манай улсын иргэд аялал жуулчлал, бизнесийн ажлаар Латин Америкийн ихэнх орон руу тухайлбал, Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор улс руу визгүй зорчих болж байгаа нь бизнес, хамтын ажиллагааны бас нэг томоохон боломж юм гэдгийг уулзалтаар онцоллоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.