-ВАКЦИН ТАРИХ БОЛОМЖГҮЙ, ОРОО НИЙЛЛЭГИЙН ЦАГ ЭХЭЛЖ
БАЙГААГААС МОНГОЛ БӨХӨН БҮГД ХАЛДВАРААР ҮХЭХ АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙГАА ГЭНЭ-
Говь-Алтай, Ховд аймгийн Шарга, Хүйсийн говь нутаг монгол бөхөнгийн сэг зэмээр дүүрчээ. Өнгөрсөн сараас эхлэн Монгол бөхөн хэдэн зуугаараа үхэж эхэлсэн гэнэ. Дэлхийд хоёрхон төрлийн бөхөн байдаг. Алтайн нурууны араар Шаргын говь, Үүдийн говь, Чандманийн хүрэн талд монгол бөхөн нутаглаж байгаа. Харин Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт хэдэн мянгаараа бий. Дэлхийд нэн ховордоод байгаа монгол бөхөн юунаас болж олноороо үхэх болсон талаар холбогдох газрынхан шалгаж тогтоогоод байгаа гэнэ. Үхсэн монгол бөхөнгийн сэг, зэмээс дээж аван Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрчээ. Өнгөрсөн жил бүс нутагт олон мянган хонь, ямаа энэ өвчнөөр өвчилсний улмаас Улсын онцгой комиссоос хорио цээр тогтоож байсан. Тэр хавийн айлуудын малыг бүрэн вакцинжуулсан учир сарын өмнө хорио цээрийг цуцалсан юм байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар бөхөн үрэгдэж байгаа газар хорио цээр тогтоож байсан газартай давхцаж байгаа аж. Энэ нь бөхөн малаас халдвар авсан байх магадлалтайг нотолж байна гэж холбогдох мэргэжлийн хүмүүс ярьж байна. Бөхөн анх удаа ийм өвчин тусч байгаа аж.
“ОРОО НИЙЛЛЭГИЙН ЦАГТ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРСАН НЬ МОНГОЛ БӨХӨН ТЭР ЧИГТЭЭ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА” ГЭВ
Энэ талаар Говь-Алтай аймгийн иргэн Г.Банзрагчтай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.
-Монгол бөхөн хэдэн зуугаараа үхээд байна гэсэн. Бог малын мялзан өвчний шинж тэмдэг бөхөнгөөс илэрсэн гэсэн үү?
-Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар монгол бөхөн олноор үхээд байна. Хамарнаас нь өтгөн шаргал өнгөтэй зүйл гоожиж, нүднээс нь нулимс гоожсоор байгаад л үхэж байна. Хоёр аймгийн онцгой комисс үхсэн бөхөнгийн сэг зэмийг цуглуулж, булж, ариутгал хийж байна. Одоогоор ойролцоогоор 500 гаруй монгол бөхөн үхсэн гэх тоо гарсан. Гэхдээ яг бөхөн хэдэн мянгаараа байгаа газраар биш наад хэсгээр нь явж сэг зэмийг нь түүсэн байсан. Тэгэхээр цаана нь хэдэн бөхөн үхсэн бэ гэдгийг мэдэх арга алга. Урьдчилсан байдлаар мянга гаруй бөхөн мялзан өвчнөөр үхсэн байна гэх мэдээг улсын онцгой комиссын гишүүдэд хүргүүлээд байна. Хэдэн жилийн өмнө монгол бөхөнг тоолсон. Ердөө л 13 мянга орчим монгол бөхөн байна гэсэн судалгаа гаргасан байдаг.
-Бөхөнгийн ороо нийллэг өдийд ордог гэсэн үү?
-Хамгийн их санаа зовоосон зүйл энэ болчихоод байна даа. Өвлийн гурав, дөрвөн есийн хүйтэнд ид ороо нь орж, монгол бөхөн хэдэн зуугаараа сүрэглэж, нийллэгт ордог юм. Гэтэл халдварт өвчин туссан хэдэн ч бөхөн байгаа юм билээ. 13 мянган бөхөн бүгд мялзан өвчнөөр хиарах нөхцөл нь бүрдчихээд байна шүү дээ. Ямар зэрлэг амьтанг барьж вакцин тарьж болох биш. Одоо хамгийн гол нь үхсэн бөхөнгийн бүх сэг зэмийг устгалд оруулж, ариутгал хиймээр байна. Ингэж байж л ядахдаа үхсэн бөхөнгийн сэг зэмнээс халдвар авахгүй болно шүү дээ. Гэтэл аймаг, сумын Онцгой байдлын хуралдааны үеэр малаа бүгдийг амьд вакцинд хамруулсан учир дөрвөн жилийн дархлаатай байгаа. Тэгэхээр малд халдана гэж байхгүй. Хүн, малын халдварт өвчний үед хорио цээр тогтоож ажиллана гэж хуульд зааснаас зэрлэг амьтанд гэж байхгүй. Сумын Засаг даргын захирамж гаргуулан ажиллах боломжтой гэсэн яриа гарсан байна лээ. Мөн Онцгой комисс хөрөнгө гаргаж яаралтай устгал, ариутгал хиймээр байна. Одоо бол аймгийн Онцгой, байгаль орчны газрынхан мөнгө зээлээд л устгалд явж байна. Хөрөнгө хүрэхгүй байгаагаас устгалыг мэргэжлийн түвшинд сайн хийж чадахгүй шатаасан болоод л хаяж байна. Халдвар тархах эрсдэл өндөр байгаа гэв.
Б.Болдбаатар: ӨВЧИЛЖ ҮХСЭН АМЬТНЫ СЭГ ЗЭМД ОЙРТОЖ БОЛОХГҮЙ
Халдварт өвчиндөө шаналж, үхэх гэж байгаа бөхөнгийн эврийг наймаачид очиж авах эрсдэл үүсээд байгаа аж. Хүмүүсийн гутал, хувцаст нян тээгдэж ирээд малд халдварлах боломж бүрдээд байгаа аж. Мялзан өвчний талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Болдбаатартай ярилцлаа.
-Монгол бөхөн мялзан өвчнөөр үхээд байгаа нь тогтоогдсон. Энэ өвчний талаар бодит мэдээлэл өгөх үү?
-Үхрийн болон бог малын мялзан гэж байдаг. Бог малын мялзан өвчний хувьд манай оронд анх удаа 2016 онд оношлогдсон. Ховд аймгийн Дөргөн, Үенч зэрэг сумдад анх гарсан, энэ өвчинг 2016 оны есдүгээр сард анх оношлоод, уг оношийг БНХАУ-ын Лавлагааны лабораторид баталсан юм. Уг өвчний эсрэг вакциныг БНХАУ-аас худалдан авч баруун аймгуудын бог малыг бүхэлд нь вакцинжуулсан.
-Энэ өвчин ямар замаар халддаг юм бол. Өнгөрсөн жил баруун аймгуудад хорио цээр тогтоож байсан. Тэр бүс нутагт одоо зэрлэг амьтад, тухайлбал, бөхөн, янгир өвчилж байна. Малаас зэрлэг амьтдад халдах уу?
-Энэ өвчин вирусээр үүсдэг, өвчилсөн мал, амьтны нулимс, нус, шүлс, баасаар халдвар дамждаг. Бас өвчтэй мал ханиах, найтаах, гудчих үед агаар дуслын замаар халдвар тараах буюу авдаг. Мөн ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц хүртэл дээрх байдлаар бохирдсон үед халдвар дамжуулах боломжтой. Аргал янгир, цагаан зээр, хар сүүлт, бөхөн зэрэг зэрлэг амьтад малаас халдвар авах, өвчлөхөөс гадна халдвар тараах аюултай. Ядарч доройтсон, эсвэл төл малд үхлийн хувь өндөр байдаг. Бүрэн эмчлэх боломжгүй, антибиотикийн эмчилгээ хийсэн үед хам халдвараас сэргийлж, тухайн сүрэгт үхлийн хувийг л багасгах боломжтой гэж үздэг. Зэрлэг амьтдын хувьд вакцинжуулах ямар ч боломжгүй учир энэ өвчинг хянахад хүндрэл учруулдаг хэвээрээ байна.
-Санамсаргүй тохиолдлоор үхсэн бөхөнгийн сэг зэмд хүрвэл гутал, хувцсаар нь дамжаад малд халдах аюултай юу?
-Үхээд удаагүй амьтны биед байгаа вирус өвчлүүлэх чадвараа хадгалсан хэвээр байдаг. Ялангуяа хүйтрэх тусам вирус өвчлүүлэх чадвараа удаан хадгалдаг. Өвчнөөр үхсэн малын сэг зэмийг устгах тусгай арга аргачлал байдаг. Энэ дагуу ариутгал, халдваргүйжүүлэх арга хэмжээг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийдэг. Магадгүй зарим хүмүүс үхсэн бөхөнгөөс эврийг нь авах гэж оролдож магадгүй шүү дээ. Ингэснээрээ тэр хүн харин ч малд халдвар тараах эрсдэлтэй болно. Тиймээс өвчилж үхсэн амьтны сэг зэмд ойртож болохгүй гэв.
Хоёр жилийн өмнө Казахстанд хэдэн мянган соргог бөхөн үл мэдэгдэх өвчний улмаас үхсэн. Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт соргог бөхөн устаж үгүй болсон гэхэд болно. Гэтэл зөвхөн манай улсад л байдаг монгол бөхөн мялзан өвчнөөр үхэж, дуусах нь. Дэлхийн нэн ховор амьтны нэг болох Шаргын говь, Үүдийн говь, Чандманийн хүрэн талаар нутагтай монгол бөхөнгийн мөхөл ирээд байна. Үүнд холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.