Categories
мэдээ нийгэм

Монгол анагаах ухааны судлаачдын эрдэм шинжилгээний зөвлөгөөн болов

Хятад Улсыг Танин Мэдэх, Хятад улсын Өвөр монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг болох Монгол анагаах ухааны судлаачдын лекц болон эрдэм шинжилгээний уулзалт есдүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Чингис зочид буудалд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны тэнхимийн захирал Балдандугар хуралд оролцож үг хэлсэн байна. Өвөр монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны Сүхээ, Сумъяа зэрэг монгол эм эмнэлгийн найман судлаач мэргэжилтэн болон Монгол Улсын 21 аймгийн уламжлалт анагаах ухааны 56 мэргэжилтэн, мал аж ахуйн орны эрүүл мэндийн ажилтнууд уулзалтад оролцсон байна.

Өвөр монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо байгуулагдсанаас хойш Монгол Улсаас нөхөрсөг айлчлалаар ирсэн баг хамт олны тоо 500 гаруйд хүрсэн бол Монгол Улсын 180 мянган өвчтөнийг хүлээн авч эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн эмчилгээ оношилгооны үйл ажиллагааг 17 удаа зохион байгуулсан бөгөөд 30 мянган хүн хамрагдсан тоо гарчээ.

Тус үйл ажиллагаа нь хоёр орны уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд харилцан суралцаж, туршлага солилцож, монгол анагаах ухааны үйл хэргийг хамтдаа хөгжүүлж, хоёр орны өвчтөнүүдэд сайн чанарын түргэн шуурхай, аюулгүй, үр дүнтэй хялбар үйлчилгээ үзүүлэх, улмаар хоёр орны иргэдийн нөхөрлөлийг зузаатгахад чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *