Categories
мэдээ цаг-үе

Монгол-Америкийг холбосон гүүр буюу Хангины Гомбожав

АНУ-д Монгол судлалыг үндэслэгчдийн нэг, Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмрээ оруулсан, нэрт монголч эрдэмтэн, хэл шинжлэлч, сурган хүмүүжүүлэгч Хангины Гомбожав агсны талаар та бүхэндээ цуврал нийтлэл хүргэх гэж буйдаа таатай байна. Го багшийн талаар өмнө бичсэн зүйл, дурсамж яриа олон байдаг боловч чухам намтар бүтээлийг нь дэлгэрэнгүй задлан үзсэн бичлэг ховор байдаг тул энэ хүний үндэслэсэн байгууллагад ажиллаж буй, хичээлээ зааж байсан сургуульд нь судалгаа хийж явсан хүний хувьд энэхүү цувралыг бичиж, монгол уншигчдадаа танилцуулахыг өөрийнхөө үүрэг хэмээн үзлээ. Ингээд юуны өмнө их эрдэмтний намтрыг танилцуулъя.

1. Эх нутагтаа

Гомбожав нь 1921 оны тавдугаар сарын 10-ны өдөр Цахарын Шилийн гол аймаг, Тайвас Зүүн хошуунд, Фүллэхэнгэ (1897-1936), Галиндари (1899-2001) нарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Эцэг эхийнх нь төрсөн, нас барсан оноос та бүхэн нэгэн зүйлийг анзаарсан бол, Гомбожавын ээж Галиндарь гуай нэн урт насалж, 102 хүрээд, дөнгөж саяхан буюу 2001 онд бие барсан байна. Гомбожав ах дүү дөрвүүл байснаас ах нь эрт нас барж, харин эмэгтэй дүү Сайчингуа нь Калифорнид, Баадай нь Тайваньд аж төрж байна.Мөн нэрт эрдэмтний гэргий Сарангэрэл гуай өнөөг хүртэл Индиана мужийн Блүүмингтон хотдоо энх тунх аж төрсөөр буй.Гомбожав, Сарангэрэл нар Эрдэнэ-Уул, Эрхэмбат гэж хоёр хүүтэй, Гэрэлтэй хэмээх охинтой айл бөлгөө.


Зураг, тайлбарыг сонирхуулбал:

Тайлбар:

Юнайтед Эйр Лайнзын

Мэдээллийн товчооноос

Монгол зочид: Хатагтай (эхлээд Ноён гэж алдаж бичээд харандаагаар дээр нь засжээ. М.С.)Куо Тай Юү Цэ (Сарангэрэлийн хятад нэр.“Тайчууд” гэдгийг нанхиаджуулж.М.С.)хүү Эрдэнийнхээ хамтаар дэлхийн бөмбөрцгийн бараг хагасыг туулан ирлээ. Тэд эхлээд Сиэттлд буугаад дараа нь Юнайтед Эйр Лайнзын онгоцоор Балтиморыг зорьсон юм.Онгоцны үйлчлэгч Дорис Торрей хөвгүүнд зурагтай ном үзүүлж байна.Эх хүү хоёр Жонс Хопкинсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуульд багшилдаг нөхөр дээрээ очихоор яваа юм.Бүсгүй хэдийгээр англи хэлээр ярьдаггүй боловч Юнайтедийн хятад хэлний орчуулагч нарын тусламжтайгаар юу хүсэж байгаагаа ойлгуулсаар, зорьсон газраа саадгүй хүрлээ гэжээ.

Хангин Гомбожав гуайн өвөг дээдэс олон үеэрээ Манжийн төрд хүчин зүтгэсэн язгууртнууд байжээ.Са амбан хэмээн алдаршсан Самданлхүндэв болбоос Гомбожав гуайн өвөг эцэг юм. 2005 онд манайд хэвлэгдсэн “Их эрдэмтэн Дандаа хэмээх Дэмчигдорж” номд “Мөн Цахарын Са амбан гэгч Дандааг Нийслэл Хүрээ явсан тухай дуулаад “Хүний доторх жигүүртэй хүн, морины доторх далавчтай морио халхчуудад алдав” хэмээн харамсан өгүүлсэн…”  хэмээн дурдсан байдгийн тэрхүү Са амбан нь Гомбожав гуайн өвөө билээ.

Хангины Гомбожав бага наснаасаа монгол, манж, хятад гурван хэлэнд нэвтэрхий суралцан өсчээ.Энэ нь хожмоо хэл шинжлэлч болоход нь, олон том толь бичиг бүтээхэд нь нөлөөлсөн буй заа.  

Нэрт эрдэмтний амьдралд хамгийн чухал нөлөө үлдээсэн хүн бол эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэмчигдонров ван юм.Дэ ван гучаад оны үед Өвөр Монголыг Монгол улстай нэгтгэх их үйлд хүчин зүтгэж байхдаа Япон улсын тус дэмд ихээхэн түшиглэж байсан тул ирээдүйтэй залуусыг боловсролтой болгохоор Япон руу олноор нь явуулсан байдаг.Залуу Гомбожав тэдний нэгэнд тооцогдож, 1937 онд Япон улсад их сургуулийн бэлтгэл ангид сурахаар явсан байна.

1938 онд бэлтгэл ангиа төгсөөд их сургуульд элсэхэд нь харин өөр нэг эх оронч Үнэнбаян нөлөөлсөн гэдэг.Үнэнбаян нь Дэ вангийн Засгийн газар Зөвлөлийн дарга, Улс төрийн хэргийг эрхлэх дарга, Японд суралцагчдыг бэлтгэх сургуулийн захирал зэрэг албан тушаал хашиж байсан улс төрийн зүтгэлтэн юм.Чухам энэхүү Үнэнбаянгийн зөвлөгөө, ятгалгаар Хангин Гомбожав 1938 онд Хоккайдогийн Их Сургуулийн Ойн аж ахуйн ангид элсэн оржээ. Үнэнбаян Гомбожавыг ой судлалаар сургасан нь бас учиртай байх.Учир нь Дэ вангийн захиргаанаас явуулж байсан олон шинэлэг үйлийн нэг нь нутаг усаа сэргээх, ой мод нөхөн тарих ажил байсан юм.1941 онд сургуулиа төгсөөд арванхоёрдугаар сард нутагтаа эргэн иржээ.

Ингээд тэр үеийн Өвөр Монголын боловсрол, соёлын сэргэлтийн бэлгэ тэмдэг болж байсан Шинэ Монгол сургуулиудад багшлах болсон байна.Тухайлбал Жанчхүү буюу Хаалган дахь Монгол сургууль, Шилийн гол дахь Охидын сургуульд тус тус хичээл зааж байжээ.

Дэмчигдонров ван мэдлэг боловсролтой сэхээтнүүдийг дэмжин, тэднээр өөрийгөө хүрээлүүлж байсан учраас 1944 онд Хангин Гомбожавыг ч мөн татан авч, Тамгын газартаа ажиллуулсан байна.Энэхүү Тамгын газар буюу Нарийн бичгийн дарга нарын албаны гол ажлыг нугалж байсан Хангин Гомбожав, Өргөнгөө Онон, Жагчид Сэцэн нар бүгд хожмоо алдартай эрдэмтэд болсон нь Дэ вангийн хүн таних алсын харааг харуулах мэт.1947 онд Хангин Гомбожав Хятадын хуучин засгийн Үндэсний Ассемблей буюу Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байлаа.

Япон дайнд ялагдаж, Хятадад дотоодын дайн дэгдсэнээр Дэ вангийн үйл хэрэг ч мөхөх замдаа орсон тул Хангин Гомбожав амьдралынхаа ирээдүйг өөрөөр харах хэрэгтэй болжээ.Энэ үед түүний амьдралд гүнзгий нөлөөгөө үлдээсэн хоёр дахь хүн болох, нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор гарч ирэв.

2. АНУ-д

Зорьсон хэрэг нь бүтэхгүй болсон Хангин Гомбожав 1947 онд Оуэн Латтиморын тусламжтайгаар АНУ-д гарчээ.Энэ нь АНУ дахь Монгол судлалын хувьд тун золтой явдал болсон гэж хэлж болно.

Хангин Гомбожав АНУ-д ирээд Жон Хопкинсын Их Сургуульд Оуэн Латтиморын үүсгэн байгуулсан “Монгол хөтөлбөр”-т Дилов хутагт, Онон Өргөнгөө нарын хамт, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхлэв. Харамсалтай нь тун удалгүй МкКартигийн хэмээх тодотголтой хилс хэрэг өрнөж, Оуэн Латтимор АНУ-ын Сенатад олон удаа очиж мэдүүлэг өгөх болсноор “Монгол хөтөлбөр” нь ч мөхөж, Жон Хопкинсын Их сургуульд ч монгол судлал төгсгөл болжээ. Хангин Гомбожав ингээд ажилгүй болж, гэр бүлээ санхүүгийн хувьд тэтгэн тэжээхэд нэн хүнд болж эхэлсэн байна.Байнгын ажилгүй болсон тэрбээр баруун зүүн эргийн их сургуулиудад ээлжлэн очиж, Жоржтаун, Берклийн их сургуулийн судалгааны төслүүдэд хамрагдаж байв.

Харин 1960-аад он бол Гомбожав гуайн ид сэргэн мандлын үе байлаа.Юуны өмнө, нэрт эрдэмтэн Денис Синьор Индианагийн Их Сургуульд Монгол судлалыг үүсгэн байгуулахдаа Хангин Гомбожавыг урьснаар гэр, ажил нь суурьшин, тогтворжиж авав. Нөгөө талаар Хангин Гомбожав Монгол улсыг НҮБ-д элсүүлэхийн тулд яриа сурталчилгаа хийх, захидал бичих кампанит ажлаа уйгагүй гүйцэтгэсээр байсан нь 1961 онд биеллээ олж, Монгол Улс бүрэн эрхт гишүүн болсон билээ. Энэ баярт явдлын дараа Хангин Гомбожав АНУ дахь анхны Монгол судлалын ТББ болох “Монгол нийгэмлэг”-ээ үүсгэн байгуулсан юм. Ингээд анхных нь Ерөнхийлөгч болооч хэмээн хуучны анд Латтимороо урьжээ.

“Монгол нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсныхаа дараа Хангин Гомбожав тус нийгэмлэгийн мэдээ болох “Mongolia Society Newsletter”-ийг 1962 онд, “Mongolia Society Bulletin”-ийг 1965 онд, эрдэм шинжилгээний сэтгүүл нь болох “Mongolian Studies Journal”-ыг 1974 онд тус тус санаачлан эхлүүлсэн нь олон жилийн туршид АНУ-д Монголын талаарх хамгийн гол, найдвартай эх сурвалж болж өгсөн билээ. Ялангуяа тэр сүүлчийн “Монгол судлал” сэтгүүл бол өнөөдөр АНУ-д хэвлэгдэж буй, Монгол судлалын цорын ганц сэтгүүл болон үлджээ.

1967 онд тусгаар тогтносон Монгол Улсад анх удаагаа зочилсон байна.Элэг нэгт монголч эрдэмтэдтэйгээ уулзан танилцаад сэтгэл их өндөр ирсэн байдаг.Үүнээс хойш байнга Монгол Улсад зочлон, хэлний баримт сэлт цуглуулах, ном сэтгүүл солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх гээд олон ажил хөөцөлдөж байсан байна.АНУ-д байхдаа бол Нью-Йорк дахь НҮБ-ын Төлөөлөгчийн газрын монголчуудтай холбоотой байхыг эрмэлзэж байв.Ер нь явсан газар бүрээ монгол хүнтэй уулзахыг хүсдэг байсан нь ХБНГУ-д судалгаа хийж байхдаа, Мюнхений Олимпод хэрэг болгон очиж, монгол бөхчүүдээ дэмжиж байснаас нь харагдана.Төмөр хөшиг татаастай үзэл суртлын тэр жилүүдэд монгол хүн гэдгээрээ, бас улс төрч бус судлаач гэдгээрээ яах аргагүй хоёр улсын хоорондох нарийхан ганц гүүр нь Хангин Гомбожав гуай болж байлаа.   

Индианагийн Их сургуульд багшлангаа 1970 онд докторын зэргээ хамгаалжээ.1972-1973 онд Боннын их сургуульд, 1979-1983 онд Токиод, Тэнри их сургуульд зочин судлаачаар ажиллаж байв.

1987 онд нутгаасаа гарснаасаа хойш анх удаа эх нутагтаа, Өвөр Монголд хөл тавьж, садан төрлүүдтэйгээ уулзсан байна.1987 онд Хангин Гомбожавын удаан хугацаанд хөөцөлдөж, тэмцэж явсан бас нэгэн чухал үйл бүтэж, АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтлоо.АНУ-ын Төрийн Департамент 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтсоны ёслолыг хийхдээ төрийн томчуудаа урьсан бөгөөд энэхүү арга хэмжээнд хоёрхон энгийн иргэн уригдсаны нэг нь Хангин Гомбожав гуай байлаа.

1961 онд НҮБ-д Монгол Улсыг элсмэгц урт амьсгаа аваад “Монгол нийгэмлэг”-ээ байгуулсан шигээ 1987 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтонгуут Америкийн Монголчуудын Соёлын Нийгэмлэгийг Сөнидөөс ирсэн Цорж ламын хамт байгуулжээ. Тус байгууллагын хамгийн анхны томоохон үйл ажиллагаа нь АНУ-д анх удаа яг дүрэм жаягийнх нь дагуу явуулсан Чингэс хааны тахилга болсон юм.Хангин Гомбожав гуай өөрөө Өвөр Монголын Эзэн Хороон дахь тахилгын зан үйл, судартай танилцан, Америкийн нөхцөлд тохируулан авч хэвшүүлжээ.Хангин Гомбожавын энэ үйл хэргийг доктор Санж Алтан гуай залгамжлан авч, өнөөг хүртэл Чингэс хааны тахилгыг жил бүр амжилттай хийсээр байна.

1989 онд Хангин Гомбожав багш толь бичгийн төсөл авч, Улаанбаатарт ажиллахаар ирэв. Наймдугаар сарын сүүлчээр Залуу монголч эрдэмтний зуны сургуульд оролцож, хойч үедээ үг сургаалаа айлдсан байдаг.Үүнээс тун удалгүй аравдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар зочид буудал дахь өрөөндөө зүрх нь хаагдан таалал болсон билээ.Насаараа АНУ-д амьдарсан хүн гэхэд чухам Монгол нутагтаа ясаа тавьсан нь урьдаас зурсан зураг, Монголын төлөө зүтгэсэн монгол эрдэмтэнд л оногдсон хувь тавилан гэлтэй.

3. Шигтгээ зураг

Аливаа хүний намтар сэлтийг элдэв сонин шинэ мэдээлэл, зураг хөрөггүйгээр цулгуй дурдаад өнгөрөх нь сонирхолгүй.Тиймээс та бүхэндээ Хангин Гомбожавын амьдралтай холбоотой нэгэн сонирхолтой зургийг танилцуулъя.

Хангин Гомбожав гуай Оуэн Латтиморын тусламжаар АНУ-д гарч ирснийхээ дараа эхнэр хүүхдээ татаж авах нь хамгийн чухал ажил болоод байжээ.Гомбожавын эхнэр Тайчууд овогт Сарангэрэл нь мөн л Өвөр Монголын боловсролтой сэхээтний охин байлаа.Тэрбээр өдгөө хүртэл Блүүмингтон хотод энх тунх аж төрж буй.АНУ-д оргон ирсэн үүх түүхээ “Энхтүвшингийн охин” нэртэй ном болгон хэвлүүлсэн юм.1949 онд нөхрийнхөө араас гарсан тэрбээр Юнайтед компанийн онгоцоор Хонг-Конгоос гарч Сиэттл хүрээд, тэндээсээ Балтимор луу Чикагогоор дамжин нисчээ. Номынхоо 123 дугаар талд Сарангэрэлийн бичсэн нь:

“1949 оны гуравдугаар сарын 5-ны өглөө 9 цагт онгоц Чикагод газардлаа.Онгоцны үйлчлэгч хүүг маань онгоцноос буухад туслав.Үйлчлэгч хүүг маань аваад бууж байхад Чикаго Трибюн сонины сурвалжлагч ирчихсэн зураг авч байгаа харагдана.Чикаго Трибюны сурвалжлагч гэдгийг нь би хожим мэдсэн л дээ.Хүү маань сүүлд Чикаго хотын бүх том сонинуудыг шүүж байгаад тус сонины 1949 оны гуравдугаар сарын 5-ны дугаарын микрофишийг олсон юм.Бүр нүүр хуудсан дээр нь хүүгийн маань зураг дурайж байлаа.Нэг залуу биднийг тосож аваад буудлын цайны газар хүргэв.Өглөөний цай бэлдчихэж.Би юм идэж ч чаддаггүй, хүү харин намайг идэхээс нааш иддэггүй болохоор хоёулаа хоолоо боолгож авлаа.Дараа нь бид хоёрыг нэг албан өрөөнд оруулав.Тэнд нэг залуу утасны харилцуур барьж байснаа надад өгч байна.Харилцуурыг нь аваад сонсвол нэг хүн надтай мандарин хятад хэлээр ярьж байна. Намайг Чен Чиао Чу гэдэг, би Чикагогийн Их Сургуульд хятад хэл заадаг юм.Та Хятадаас оргон гарч ирсэн анхны хүн боллоо.Яагаад та АНУ-д ирж байгаа юм бэ? хэмээн асууж байна…”

Хүү гэдэг нь Хангин Гомбожав гуайн ууган хүү Эрдэнэ-Уул юм.Сонирхолтой, бас азтай зүйл юу хэмээвээс яг энэхүү номд өгүүлж буй тэр түүхэн зургийн уг эхийг үүнийг тэрлээч олж авсан юм.Зургийн ар талд Мэдээллийн товчооноос тайлбар хийн хавсаргажээ.

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч 

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *