Энэ хичээлийн жилд зарим их дээд сургууль сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөө 40 хувь хүртэл нэмсэн. Үүнээс шалтгаалж Монголын оюутны холбоо их, дээд сургуулийн удирдлагуудад хандаж, шаардлага хүргүүлээд байгаа. МОХ-ноос сургуулиудын удирдлагуудад хандаж, “Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, оюутан бүр өөрийн сургалтын төлбөрийн зарцуулалттай танилцах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх тохиолдолд инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох” зэрэг шаардлага тавьжээ. Тэд шаардлагынхаа хариуг энэ сарын 25-ны дотор авах бөгөөд шаардлагын хариу хэрхэн гарахаас хамааран олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал цуглаан, хичээл хаялт зохион байгуулахаа бас мэдэгдээд байгаа юм.