Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Экспорт, импортын хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг цагдан хорьж, найман байцаагчийг шалгаж байна

-ГЭРЭЭС НЬ ГАРЧ ИРСЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ХААНААС АВСАН ГЭДГЭЭ ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ-

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдах албан тушаалтан бүхий арав гаруй хүнийг АТГ-аас шалгаж эхэлжээ. АТГ гүйцэтгэх ажиллагааг энэ сарын 7-нд хийсэн байна. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж тусгай зөвшөөрөл олгож, хилээр бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирдэг сүлжээ бүхий гэмт хэргийн бүлэглэл бий болоод байгааг АТГ тогтоосон гэнэ. Үүний дагуу төрийн алба хаагчид болоод хувийн компанийн захирлуудыг шалгаж байсан аж. Энэ сарын 7-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр нэгэн амралтын газарт уулзалт зохион байгуулсан байна. Үүний дагуу гэнэтийн шалгалт хийж, бусдаас онц их хэмжээний авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ.

30 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН АВЛИГА АВЧ БАЙХЫГ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ ИЛРҮҮЛЖЭЭ

АТГ-ын алба хаагч нарын бидэнд өгсөн мэдээллээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч тус бүртээ юань, ам.доллар, төгрөг зэргийн их хэмжээний мөнгө авч байхад нь барьсан гэнэ. Тэнд байсан төрийн алба хаагчдаас нийтдээ 30 гаруй сая төгрөг хураан авсан байна. Дээрх мөнгөнд юань, ам.доллар зэрэг багтсан байжээ. АТГ-аас мэргэжлийн хяналтын ерөнхий газрын алба хаагчдыг тус бүрт нь гэр рүү нь авч яваад үзлэг, нэгжлэг хийжээ. Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга н.Баярсайхан нарын гэрээс онц их хэмжээний мөнгө илэрсэн байна. Тэд ямар нэгэн хувийн бизнес хийдэггүй. Энд тэндээс орлого орж ирдэг талаар ямар ч мэдээлэл байхгүй мөртлөө 200 гаруй сая төгрөг тус бүртээ хадгалж байсан аж. Их хэмжээний мөнгө хаанаас авсан. Ямар замаар ийм мөнгөтэй болсон талаар хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нартаа тайлбарлаж чадахгүй байгааг эх сурвалж онцолж байв. Үүнээс үүдэлтэйгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт АТГ-аас хяналт шалгалт хийж эхэлжээ. Дээрх арав гаруй нэр бүхий албан тушаалтны гаргаж байсан шийдвэр, харилцагч компаниудын талаарх мэдээлэл, хилээр оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний талаарх баримт зэргийг хуулбарлан авсан гэнэ. Мөн шалгагдаж байгаа байцаагч бүрээс мэдүүлэг авч эхэлжээ. Түүнчлэн өөрийнх нь болоод ойр дотны хүмүүсийн дансны мэдээлэл зэргийг нь нарийвчлан шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр нэгэн компаниар байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох нь тогтоогджээ.

Э.ХҮРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *