Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцууллаа. НМХГ-ынхан харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарийн цех, тосол зардаг ТҮЦ зэрэг агаар бохирдуулах эх үүсвэр ашиглаж буй 1962 аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийжээ.
Нийт 1524 аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас, 27 албан шаардлага, 9 акт хүргэжээ.
НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл:
Улаанбаатар хотын 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 51 халаалтын зуухны байгууламжид хяналт шалгалт хийж, 15 зуухны хаягдал утаанд хийн хэмжилт хийж, 6 аж ахуйн нэгжид халаалтын зууханд үнс баригч тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтын талаар зөвлөгөө өгч ажилласан. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар 28 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага, 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох акт, мөн торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдөж ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад МУ-ын агаарын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэлээ.
Нийт 1,962 объектыг шалгаснаас 78 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, зургаан газрын зуухыг бүрэн шаталтат зуухаар солиулсан аж.
Дугуй, хуванцар, хог хаягдал шатаах зэрэг төрөл бүрийн шаталтын процессын үед ДИОКСИН, ФУРАН хий байдлаар ялгарч агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед 8 жилээс дээш хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай гэнэ.
Иймээс иргэн бүхэн утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг 24 цагийн турш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 77775000 шуурхай утсанд ирүүлэхийг НМХГ-аас сануулж байна.