УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ү Вин Мра тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглээд зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүслээ. Мөн тэрээр “Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгааг дурдаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, ноён Ү Вин Мра байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам их өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар байлцсан бөгөөд 2000 онд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон талаар танилцуулж, харилцан санал солилцов.
Ноён Ү Вин Мра уулзалтын төгсгөлд байгуулагдаад гурван жил болж буй Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сайн туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Мьянмарын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2011 оны есдүгээр сарын таванд Мьянмарын Нэгдсэн Ард Улсын Засгийн газрын 34 тоот тогтоолоор байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар олон үндэстний төлөөлөл болсон 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.