Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” тусгай дугаарын үйлчилгээний нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд “ICT EXPO 2017”-ын төв тайзанд зохион байгуулагдлаа. Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч дамжуулах зорилготой технологийн дэвшилд суурилсан тусгай дугаарын үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга болон холбогдох ТББ-ийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын их хурлаас 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр батлагдан гарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлд Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх тухай заасан байдаг. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Юнител групп хамтран тус үйлчилгээг нэвтрүүлж байгаа аж. Юнител групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тус үйлчилгээний мэдээлэл технологийн болон бусад шийдлийг нь бэлтгэн өгсөн гэнэ. 104 дугаарт бүх үүрэн операторын хэрэглэгч үнэ төлбөргүй дуудлага хийх боломжтой ажээ.
Манай улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооны 2016 оны тоо баримтаар 100993 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Энэ нь нийт хүн амын 3.4 хувийг эзэлж байгаа юм. Ийнхүү бүлгийн иргэдээс 11000 харааны бэрхшээлтэй иргэн 10.7 хувь, 8653 сонсголын бэрхшээлтэй 8.4 хувь, 4367 хэл ярианы бэрхшээлтэй 4.2 хувь иргэд байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 23.3 орчим хувийг эзэлж буй эдгээр хүмүүсийн мэдээлэл хүртэх эрх нь хязгаарлагдмал, хангалтгүй байдаг. Иймээс Төр хувийн хэвшил хамтран нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй байдаг зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна хэмээн онцлов.
Б.УРАНЧИМЭГ