Categories
мэдээ нийгэм

Миний Их “сургууль”

Төрөлх сургууль МУИС-ийн маань 75 жилийн ой болж байна. Ээлээ өгсөн МУИС юугаа бахдан дурсахын сацуу энэхүү эрдмийн уурхай руу хөтөлсөн, тэнд байраа олоход минь хүргэсэн, хожмын өдөр сургуулиараа бахархан овоглоход дэм өгсөн олон “их сургууль”-иудыг мартахын аргагүй.

МУИС хүнийг өөрийгөө олоход хамгийн их тусалдаг сургууль санагддаг. Гэхдээ чамайг олж өгөх гэж, хүмүүжүүлэх гэж ер оролдохгүй, харин чамайг өөрөө өөрийгөө олтол нь зөнгөөр нь орхино. Яг л ус үзээгүй баахан багачуудыг бөөнөөр нь шидчихсэн тэнгис шиг. Эрэг дээр зогсох багшид аврах цагираг үгүй, харин живэхгүй гэж үзэж тарах нэгэнд “Уухайс, даллаад сэл, ингэ тэг” гэж заах мэт. Тэгээд угаасаа сэлэх чадваргүй хэсгийг нь хаялгаараа гаргаж хаясаар явна. Ингээд нэг өдөр та нар сэлж сурлаа, одоо задгай далайд гар гээд үүд гарцаа нээх шиг…

Тиймээ, би их сургуульд олон хичээл заалгасан, их ч юм сурсаан, гэхдээ намайг хөтөлбөрөөсөө илүү МУИС нь өөрөө хичнээн их өөрчлөн боловсруулж хувиргасныг их хожуу анзаарч билээ. Социализмын хатуу өдрүүдэд ч гэсэн хана туурганаас нь эрх чөлөөний үнэр ханхалсан, багш нарынх нь лекцнээс нам засгийн байр сууриас гадна “ өөрийн гэсэн байр суурь” цухалзсан, хонгил танхимаас Ц.Дамдинсүрэн тэргүүтэй сэхээтний“сэхээтний төөрөгдөл”-д холбогдсон зоригт үгс сонсогдох шиг болсон газар байж билээ. Анх тэнд Г.Дэлэг багшийн амнаас “Хиагтад байсан 10,000 гаминг, 400 партизан хөөсөн гэдэг худлаа ш дээ. 1000 орос цэрэг лам дээл өмсөөд дайрсан ш дээ. Уг нь нууц юм байгаа юм. Гэхдээ сэтгүүлч болох улс мэдэж байхад зүгээр”… гэж сонсоод хэсэгтээ л хөшиж байсан…Их сургуулийн надад өгсөн хамгийн анхны “диплом” бол эрх чөлөөний мэдрэмж байлаа…Монголын ардчилсан хувьсгалын эхний цог нь МУИС-ийн багш нар, тэдний анд нөхдийн дугуйлан байсан билээ. Тиймээ, МУИС хүнд “Чи бол хүн, одоо өөрийгөө ол” гэж хэлж өгдөг, ойлгож чадаагүй бол хаялгаараа шидчихдэг далай юм.

…МУИС-ийн түүхийг хүн бүхэн мэдэх тул жаахан алгуурлая. Харин их сургууль тойрсон их “сургууль” болсон орчин, үйл явдал, хувь хүмүүсийн тухай яриандаа эргэж оръё.

НЭГ. ТУГ БОЛСОН АХ НАР

Хязгаар нутгийн бяцхан сум найман жилийн сургуультай. Хөх дээлтэй хөвүүд, ногоон дээлтэй охид нь зөвхөн зун, намрын дулаан цагт л формоороо гоёно. Сумынхаа нэрийг ч өөрийн дүрмээр “Шүлүүстэй” гэж бичдэгсэн. Хэн ч үл анзаарам тийм л хөдөө, тийм л багачууд. Гэхдээ бидэнд туг болсон сайхан ах нар байжээ. Хэрвээ тэд л миний мөрөөдлийн дарцгийг дэрвүүлж, хүсэл зорилгын туг болтол дэрвүүлээгүй бол… гэсэн нэгэн эргэлзээ надад байдаг.

Миний балчир насны бяцхан мөрөөдөлд салхи оруулж тэнд байсан өчүүхэн дарцгийг дэрвүүлсэн хүн бол Доржжигээ гэдэг хүүхэд байжээ. Манай сумын, бүр манай голын тэр ах биеэ даан уншиж, тоо бодож сураад, нэгдүгээр ангид суулгүй шууд гуравт ч билүү ороод, тэгснээ бас хэдийг ч билээ алгасаад сурсан, онц сурлагатан. Өнөө таван жилд арван жилийн ажил хийсэн гавшгайч энэ тэр шиг ч гэмээр юм уу. Манай гэрийнхэн тэр хүүг бахдан, бахдан ярих зуураа намайг “чи яах бол” гэсэн харцаар ширтэж байсныг би анзаардагсан. Надад төрсөн анхны итгэл мөрөөдөл, туг тэр ах байсан. Учир нь тэр өөр хаанахынх ч биш, манай айл саахалтын хүүхэд байсан юм. Чи хаана төрсөн, хэн байх нь хамаагүй, хүсвэл чи цойлон гарч чадна гэж тэр хүүхэд анх хэлсэн ажгуу. Би үсэрч дүүлж чадаагүй ч гэсэн, хэрвээ чамд хүсэл мөрөөдөл, чин зорилго байгаа бол “зогсож байгаа газар бүхэн чинь гараа мөн” гэж балчирхан ухаандаа тэр үед төсөөлсөн бололтой. Хожмоо “Механик Жигээ” нэртэй болсон тэр ахын жинхэнэ нэр Г.Доржжигжид. Хууччуул түүнийг “Найм төгсгөөд техникумд явалгүй, аймгийн 10 жилд орсон бол юм дуулгах хүүхэд байсан” гэлцдэгсэн. Тийм ч байсан байж магадгүй. Ямар ч байсан эгэл боргил “ахмад” болсон тэр хүн хоньчин бяцхан хүүгийн хүсэл мөрөөдлийн дарцгийг анх дэрвүүлсэн үлгэр дууриалтан мөн билээ.

Миний хүсэл мөрөөдлийн дарцгийг туг болтол дэрвүүлсэн өөр ах нар байлаа. Тэд бол оюутан болсон ах нар.Манай бяцхан сумын, бяцхан сургуулиас бяцхан гэхээргүй тооны хүүхдүүд гадаадад сурна. Манайхан тэднээрээ их бахархана аа. Хэзээ нэг цагт тэдэн шиг болох юмсан гэж цөмөөрөө л мөрөөдөж явсан биз ээ.

Тэдний заримынх нь дүү нар манай ангид, заримынх нь дээд, доод ангид байх. Маньтайгаа л улаан хацартай жаал байсан нөхдүүд нэг өдөр цав цагаан ах болчихсон хүрээд ирдэгсэн. Арзайж байдаг үснүүд нь намирсан гоё халимаг болсон үзэгдэнэ. Манай нутагт үзэгдээгүй чемодан, мань огт харагдаагүй зурагтай цамц энэ тэр бол жичдээ.

Манай ангийн Г.Амарбатын ах Цэдэн гээд хүүхэд бүр оросоос цаашаа Унгар улсад дээд сургуульд явсан юм. Дүүдээ бичсэн захиаг нь бид тойрч суугаад уншина. Нэг захиандаа, шинэ жилээр оюутнуудын дунд маш сонин тэмцээн зохиосон тухай өгүүлсэн байж билээ. Тэр нь шөнөөр гарч байшингийн дээврээс амьд тагтаа барьж ирэх даалгавар байж. Оюутан залуус хэрхэн хөглөж явж, тагтаа барьж ирснээ нүдэнд харагдтал бичсэн тэр захиа шөнөжин миний толгойд эргэлдэж, газар газраас тэнд ирсэн азтай аавын хүүхдүүдийн хөл хөгжөөнт амьдрал нүдэнд харагдсаар улмаар зүүд болон үргэлжилсэнсэн.

Манай ангийн Ж.Паньдийжунайгийн ах Дашдорж бас орост сурна. Ирсэн сургаар нь ангийнхаа найзтай уулзах гээл очно. Ангийнхаа найзтай уулзах ч юу байхав, гадаад явсан ахыг нь харж шүтэх гэж л явна. Үзэгдээгүй гоё чемодан дээрээ латин үсэг наагаад, нэрээ бичснийг үсэглэж ядан уншив. Нэг их олон ах биш ч томорч байна гэж жигтэйхээн. Бараг л хичээл номоо сайн давтаж байгаа биз дээ гэх маягийн юм хэлээд цаашаа тоож харах ч юм биш.Гэхдээ тоохгүй байхынхаа хэрээр сүрлэг, хүндлэм. Одоо энэ УИХ-ын Тамгын газарт байгаа нөхөр ш дээ.

Бас Цэрэндүгэр гээл ах орост байлаа. Б.Жигжидсүрэн гээд уриалгахан ах бас Зөвлөлтөд сурдаг байлаа.Манай ангийн Раднаабазарын ах юм. Тоогоо бодож чадахгүй туслаач гээд очиход жигтэйхэн уриалгахан ханддагсан. Би ч бушуухан бодуулж аваад явмаар байхад мань хүн ойлгуулчих санаатай их тайлбарлана аа. Нэг тийм сайхан ах байсан.Бас манай доод ангийн Галсанцэрэнгийн ах Шараваа гээд Зөвлөлтийн оюутан. Одоо энэ орон нутгийн сонины холбоо ч билүү гээд яваа С.Шаравдорж гэж хүн.

Өөр нэг содон ах байлаа. Германд сурдаг гээд. Хүүхдүүдийн дунд тарсан домог ёсоор бол нэг их сурлагатай хүүхэд байгаагүй гэнээ. Эхлээд ТМС( одоогийн МСҮТ)-д орсон гэнэ. Тэндээсээ л цоорсон юм байх. ТМС –ээ онц төгсгөсөн чинь Техникум (одоогийн коллеж)-д урилгаар оруулсан юм байх. Тэхээр нь бас онц сураад явж, техникумаа онц төгсгөсөн учраас Германы дээд сургуульд явсан гэнэ. Домог үнэн эсэхийг мэдэхгүй ч гэсэн, хүн хичээл зүтгэлийг хүссэн цэгээсээ эхлүүлж болно гэдэг итгэлийг бидэнд тэр ах үлдээсэн юм. Норовсамбуу билүү, нэр нь бараг мартагджээ.

Бидний нүдэн дээр тэд хувирч, цоо шинэ хүн болон өөрчлөгдөж байгаа нь сонин. Далдхан сэтгэлд “би ч ингэж өөрчлөгдөж яагаад болохгүй билээ” гэсэн гэнэхэн мөрөөдөл асч, даалимбан шарваар, монгол бахиаль хоёроо ичингүйрэн ширтэж тонгойдогсон. Гэхдээ л тэднийг ирж байгааг харах тоолонд л далдхан хүслийн оч бадарсаар, нэгэн цагт унтаршгүй түүдэг болон дүрэлзсэн билээ. Өөр өөрийн хувь заяаны эрхээр амьдралын харгуйгаар одсон ч гэсэн хүүхэд насны минь хүсэл мөрөөдлийн дарцаг, орь насны итгэл үнэмшлийн туг явсан ах нар минь. Та нар надад мөрөөдлийн жигүүр ургуулж өгсөн билээ. Та нарыг харах тутам, бодох тутам холын холд одох хүсэл төрж, хүслээ дагаад даль жигүүр ургаж эхлэх шиг байдагсан. Унтаа хэвтсэн хоньчин хүүг та нар сэрээсэн юм. Хэрвээ та нар байгаагүй бол гэж би заримдаа боддог, бодох тусам энэ тухай бичмээр болдог оо.

Он жилүүд улирсаар, туг болсон сайхан ах нарын маань сэтгэлийн гүнд дэрвүүлж өгсөн тэр дарцаг намайг МУИС-ийн хаалга рүү хөтөлж хүргээд, хүүхэд насны гэгээн өдрүүдтэй хамт Шүлүүстэйн бяцхан сууриндаа үлдсэн юм. Тэнд намайг өөр хүмүүс, өөр туг, үзэл санаа хүлээж байсан юм. Тэр сургуулийн маань 75 жилийн ой тохиож байгаа хэрэг.

Харин ах нар маань хэн нэгний амьдралд гэгээ нэмж, туг болон дэрвэж явснаа огт анзаарахгүйгээр эгэл жирийн амьдарсаар үлджээ. Туг өөрийгөө хардаггүй гэнэм…

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *