Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Нийслэлийн тээврийн газраас бага оврын микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс халах зорилгоор зарим шугам чиглэлийг хааж эхэлсэнтэй холбоотой юм байна.
Тухайлбал, СХД-ийн 23 дугаар хорооноос, БЗД-ийн 21 дүгээр хороо хүртэлх маршрутыг хааснаас болж иргэдийг хохироогоод зогсохгүй жолооч нарын ажлын байр хөндөгдөж байгааг онцолж байна.
Тиймээс энэхүү шийдвэрийг 3-4 жилээр хойшлуулж, хуучин маршрутаар нь явуулж өгөхийг хүссэн 400 хүний гарын үсгээр баталгаажуулсан албан бичгийг Нийслэлийн тээврийн газар болон Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүлд хүргүүлээд байгаа боловч хариу өгөхгүй байгаа ажээ. Тиймээс тэд ирэх мягмар гаригт Чингисийн талбайд 100 микро автобустай жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байна.
Одоогоор 2010 онд үйлдвэрлэгдсэн микро автобус 300 орчим байдаг.