“Нарантуул” зах дээр өчигдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг микро автобусны жолооч, тасалбар түгээгчид жагслаа. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй болж байгааг эсэргүүцэж, микротой жагсаал зохион байгуулж байгаа нь энэ аж. Биднийг очих үед микро автобусны жолооч, кондукторууд “Нарантуул” захын урд талын талбай дээр жагсаж байлаа. Тэд микро автобусаа эгнүүлэн тавиад, дуут дохиогоо хангинууланэсэргүүцлээ илэрхийлсэн юм. 500 гаруй микро автобусны жолооч, кондуктор цугларсан байв.
Тэд “Төр засгаас микро автобусыг нийтийн тээврийн тээвэрт явуулахгүй гэх шийдвэр гаргасан. Хотын өнгө үзэмж, нийтийн тээврийн салбарыг хөгжил дэвшилтэд хүргэх гэж ийм шийдвэр гаргаж байна гэж аль болох зөв талаас нь харж байна. Гэхдээ дээрх шийдвэрийг гаргасан хүмүүсийн хэн нь ч микро автобусаар нийтийн тээврийн шугаманд явж, амьдралаа залгуулдаг олон зуун хүнийг ажлын байртай үлдээх талаар ярихгүй байна шүү дээ. Ажилгүй болсон бид яаж амьдрах болж байна вэ” гэж эсэргүүцэл илэрхийлж байв. “БИДЭНД АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА ГАРГАЖ ӨГ. ЭСВЭЛ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАР”
Жолооч нар энэ удаад таван минут дуут дохиогоо дуугаргаж, 30 минут микро автобусны зогсоол дээр жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хэрэв төр засаг, холбогдох яам, нийслэлийн нийтийн тээврийн газраас микро автобусны жолооч, кондукторын ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаар ямар нэгэн ажил хийхгүй бол эсэргүүцлийн өөр хэлбэрт шилжинэ гэдгээ хэлж байв. Жагсаалыг зохион байгуулж байгаа “Хувийн тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо”-ны зохицуулагч Г.Баатараас цөөн асуултад хариулт авсан юм.
-Микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй болох шийдвэр гаргах гэж байна. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байна вэ?
-Нийтийн тээврийн салбарыг хүнд хэцүү цаг үед бид л нуруун дээрээ үүрч байсан. Автобусны парк шинэчлэл хийхээс өмнө эвдэрч, хуучирсан хэдэн автобус нийслэлд явдаг байсан. Автобусанд бөөн шахцалдаан дунд л явдаг байсан. Үүнээс болоод иргэд хохирдог байсан. Эд зүйлсээ хулгайд алдах, шахаанд орж хөл алдах, паар байхгүй, хүйтэн автобусанд л тав тухгүй орчинд сонголтгүйгээр автобусанд суудаг байсан. Харин микро автобус нийтийн тээвэрт явж эхэлснээр хурдан шуурхай үйлчилгээг иргэд авдаг болсон. Мөн тав тухтай, хямд үнээр бид үйлчилдэг. Сайн муугаар хэлүүлж олон жил нийслэлчүүдийг хүрэх газарт нь хүргэж өгсөн. Нийтийн тээврийн газраас гаргасан шаардлагын дагуу бид цаашид хүн тээвэрлэхгүй болж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бага, дунд оврын микро автобусыг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн. Тиймээс “Нарантуул” зах дээр цуглаан хийгээд байна.Нийслэлийн тээврийн газраасгаргасан журманд“2002 оноос хойших тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй” гэж заасан байдаг. Үүний дагуу бид бүхэн цаашид микро автобусаар нийтийн үйлчилгээнд явах боломжгүй болсон. Дээрх хоёр шийдвэрээс болж олон мянган иргэн ажилгүй болж, ар гэрээ тэжээх эх үүсвэрээсээ салаад байна шүү дээ.
-Та бүхэн жагсаалаараа ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Мэдээж эсэргүүцэж байгаа. Энэ бол олон хүнийг талхны мөнгөнөөс нь салгах шийдвэр. Орлогогүй хүмүүс шууд л ядуусын эгнээнд шилжинэ. Ядуурал нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам л дордоно. “Нарантуул” олон улсын худалдааны энэ орчимд бол 500 орчим микро автобус шугаманд явж байна. Энд өдөржин зогсоод 1-2 удаа явах тохиолдол гардаг. “Нарантуул” захаасДамбадаржаа, Чингэлтэй, Хайлааст, Нисэх, Баянхошуу гээд чиглэл бүрт явдаг. Цагаан сарын дараа гэхэд микро автобусыг явуулахгүй болгох яриа гараад байна. Иймд гаргасаншийдвэрээ эргэж нэг хараач гээд Нийслэлийн тээврийн газраас хүсч байна. Хэрэв тэгэхгүй гэвэл ажлын байрны баталгаа гаргаж өг гэсэн шаардлага тавьж байна.
-Хотын өнгө үзэмжинд микро автобус сөргөөр нөлөөлж байгаа. Манайх шиг олон жил болж, эдэлгээнээс гарсан микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ хийдэгорон байхгүй гэж албаныхан ярьж байсан. Тиймээс та бүхэн өөр арга зам хайж болохгүй юу?
-Микро автобусаар нийтийн тээвэрт явж байгаа орон манайхаас өөр бараг байхгүй. Гэхдээ микро автобусыг явахгүй болгочихвол иргэд ч гэсэн хохирно шүү дээ. Өнөөдөр богино, уртын шугаманд иргэдэд бүрэн дүүрэн үйлчлэх том оврын автобус байна уу. Оройүдшийн цагаар иргэдэд үйлчилж чадах уу. Автобус зогсчих юм бол иргэд өндөр үнээр такси барих, эсвэл алхах болно. Жишээ нь, Автобусны эцсийн буудлаас гэр нь хол байдаг. Шороон замаар хэдэн километр явж байж гэртээ харьдаг хүмүүсийг яаж хүргэж өгөх юм бэ гэсэн олон асуулт гарч ирнэ. Иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллана гэхэд хаа хаанаа эргэлзээтэй шүү дээ гэв.
Микро автобусны жолооч кондуктор нар он залуутай, байгаль орчинд ээлтэй бага оврын автобус аль оронд худалдаалж байгаа талаар судалгаа хийж байгаа гэнэ. Дотоодын“Эко” автобус үйлдвэрлэж байгаа компаниудтай уулзсан гэнэ. Мөн “Номин моторс” салбарынхантай хоёр удаа уулзаж, албан бичиг өгөөд байгаа гэнэ. Ажлын байраа алдвал олон айл өрх хүнд байдалд орно гэдгийг жолооч нар хэлж байлаа. Банкны зээлтэй олонхүн байгаа гэнэ. Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрийг микро автобусны жолооч нар ийн эсэргүүцэж, жагссан юм.
Э.БААТАР
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН