Categories
мэдээ нийгэм

МИАТ “Боинг 737-700”-уудаа хүлээн авлаа

“МИАТ” компани парк шинэчлэлээ эрчимтэй хийж байна.

Тус компани хэдхэн цагийн өмнө буюу Улаанбаатар хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компанийн Боинг 737-700 загварын агаарын хөлөгөө хүлээн авчээ.

Боинг 737-700 агаарын хөлөг нь бизнес ангиллын 12, энгийн ангиллын 102 суудалтай.

Агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм.

Уг агаарын хөлгийг “Oman Air S.A.O.C” компанийн нисгэгчээс гадна “МИАТ” ТӨХК –ийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны дарга Д.Цогтгэрэл, МИАТ ТӨХК-ийн Боинг 737-800 агаарын хөлгийн дарга, багш З.Энхбаяр нарын хүмүүс авчирсан байна.

“OMAN AIR S.A.O.C”-ИЙН БОИНГ 737-700 АГААРЫН ХӨЛГИЙГ НИСЛЭГИЙН ШИНЭ ЧИГЛЭЛҮҮДДЭЭ АШИГЛАНА

2013, 2014 онуудад төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм байна.

Тодруулбал, 2017 онд нислэгийн чиглэлээ 2 шинэ чиглэлээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийх бол 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөжээ.

Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *