Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ: Үзэл бодлоо илэрхийлэх бүрд хариуцлага хүлээлгээд байвал нийгэмд ноцтой сөрөг хандлага үүсгэнэ DNN.mn

Өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


“Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх, хууль бус зүйлийг шүүмжлэх, ялангуяа эрх баригч нам, хууль хүчний байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн иргэдэд хууль сануулдаг явдал хэвийн үзэгдэл боллоо. Ойрын жишээ гэхэд Ерөнхийлөгчтэй холбоотой нэг бус кейс байна. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө торгуулдаг, цагдуулдаг явдал өнөөдрийн нийгэмд, ардчилсан засаглалтай улс оронд байж болох юм уу?

-Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хууль сануулах нь зөв эсэхийг ярихаас урьтаж, хүний эрхийн талаар тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаар танилцуулсан нь зөв байх. Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс. Хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй, түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн гэж НҮБ-ын 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-аар зарлан тунхагласан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүний угаас заяагдсан эрхүүдийг баталгаажуулж, гишүүн орон бүрд дагаж мөрдөхийг даалгасан байдаг. Хүний эрх нь эрх зүйт орнуудын Үндсэн хуулийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байдаг юм. Энэ ч утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг бүхэлдээ “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн агуулгын хүрээнд байдаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэх Монгол Улсын иргэний хамгийн том баялаг бол эрх, эрх чөлөө. Эрх чөлөөний ойлголт нь хэнээс ч айх айдасгүйгээр үйлдэл, үйл ажиллагаа, үг хэлээ хуулийн хүрээнд явуулахын нэр байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчлөх, хөдөлмөрлөх, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад эрхүүдийг тодорхойлон заасан. Эдгээр эрхүүдийн чухал нэгэн хэсэг бол итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө юм. Гэвч сүүлийн жилүүдэд үзэл бодлоо илэрхийлэхдээ олон нийтийн цахим хэрэгсэл, техник технологийн дэвшлийг ашиглах мэтийн олон төрлийн арга хэрэгслээр иргэд үзэл бодол, дургүйцлээ илэрхийлсээр байна. Аливаа зүйлд хэмжээ хязгаар байх нь зайлшгүй. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Гэвч хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон.

Гэтэл иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг төрөөс хязгаарлаж, хуулийн хариуцлага оногдуулж болохгүй. Нөгөө талаасаа иргэд хууль, нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээ зөрчиж, үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэдгийг бас санах учиртай.

-Таны сая хэлснээр Үндсэн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гээд заачихсан. Гэвч иргэд энэ эрхээ эдлэхээс эмээдэг болж байна. Жишээ нь, хэвлэл мэдээллийн салбарт эх сурвалж болж, болсон бодит нөхцөл байдлыг ил болгох, зөрчигдсөн эрхээ хамгаалж ярьдаг иргэд “Нэрээ нууцлах”-ыг хүсдэг боллоо. Энэ нь иргэд хууль хүчний байгууллагаас айдаг болж байна гэж харж болох уу?

-Уулын модод урттай богинотой гэдэг шиг олон хүний асуудал өөр өөр байдаг. Чухам ямар асуудлыг олон нийтэд дэлгэж, мэдээлэл өгч байгаа вэ гэдгээс шалтгаалж, үзэл бодлоо илэрхийлэхдээ хууль зөрчсөн эсэхийг тогтоодог. Мэдээллийн хэрэгслээр дамжуулж, өөрт тулгамдсан асуудлаа илэрхийлж байгаа бол эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эсэхээс шалтгаалж, аливаа төрлийн ажиллагааг нууцлах үүргийг оролцогч хүлээдэг.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг бол хуулиар хамгаалагдсан тусдаа зохицуулалттай харилцаа байдаг ч үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн илрэн гарах гадаад хэлбэрийн нэг ч байж болдог. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хориглодог.

Гэвч хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарлахыг хориглосон ч мэдээлэл өгөх зориггүй иргэд олширвол олон нийт үнэнийг мэдэх аргагүйд хүрнэ. Энэ нь шууд бус утгаараа тэмцэх чадамжгүй иргэдийг бүтээдэг. Нэг ёсондоо үзэл бодлоо илэрхийлэх бүрд хуулийн хязгаарлалт хариуцлага хүлээлгээд байвал нийгэмд ноцтой сөрөг хандлага үүсгэнэ. Иймд аливаа үйлдлийг хязгаарлахдаа үр дагаврыг давхар тооцоолох хэрэгтэй. Хууль зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй боловч хариуцлага хүлээлгэж буй хууль зүйн үндэслэл нь зарчмын хувьд Үндсэн хуультай харш эсэхийг тогтоож, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах замаар үүнээс сэргийлж болох юм.

Харин шууд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд илэрхийлж буй үзэл санаа бусдын хууль ёсны эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, аливаа төрлийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж болдоггүй. Эрх зүйн хийдэл, зөрчил бүхий хууль байж болзошгүй. Тухайлбал, Үндсэн хуулийг зөрчсөн хууль байж болохгүй. Хууль тогтоогчдын зүгээс ч мөн Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн хуулийг өөрчлөх, зайлшгүй шаардлагатай.

-Уг нь хуулийн байгууллага хууль сахиулах үйл ажиллагаа явуулах ёстой. Хууль сахиулна гэдэг иргэдийг айлгана, сүрдүүлнэ гэсэн агуулга биш болов уу?

-2023-2024 он солигдох мөчид Монгол улсын Ерөнхийлөгчийн үг хэлэх үеэр иргэд өөрсдийн дургүйцлээ илэрхийлж, ёс бус үйлдэл гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор гурван иргэнийг цагдаагийн байгууллагаас торгосон мэдээлэл гарсан.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь нийгэм дэх өөрийн алдаатай сэтгэлгээг засч өөрчлөх боломжийг хувь хүнд олгодог жам ёсны эрхүүдийн нэг. Энэхүү эрхээ эдлэхдээ аливаа төрлийн нийгмийн хэмжээ хязгаарыг зөрчих ёсгүй боловч ёс зүйн хариуцлага хүлээлгэх шинж чанартай үйлдэлд төрийн албадлага хэрэглэх нь энэ эрхийг шууд бусаар зөрчиж буй илрэл юм.

Иргэд өөрсдийн үзэл бодол, дургүйцлээ илэрхийлсний төлөө төр нь дарамтлаад байж болохгүй. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ, нийгмийн хэм хэмжээг зөрчиж болохгүй. Хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлсээр байгаарай, энэ бидний хамгийн чухал үнэт зүйл юм шүү.

Б.ЭНХЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *