Categories
мэдээ цаг-үе

Мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан C-HR

Японы “Тоёота” корпорацийн C-HR загварын автомашиныг онцолж байна. Уг машины загварыг 2015 онд Японы авто шоун дээр албан ёсоор анх танилцуулж байсан бөгөөд өнгөрсөн жил Европ, Азид нээлтээ хийсэн юм. Нээлт хийсэн даруйдаа олон зуун захиалга авсан C-HR нь “Тоёота”-гийн өмнөх загваруудаас тэс өөр, хуучин баригдмал хэв шинжийг эвдсэн гэдгээрээ авто сонирхогчдын анхаарлыг татсан гэж болно. Гэвч зарим мэргэжилтнүүд “Ниссан”-ы “Juke” маркийн загварыг хуулбарласан хэмээн шүүмжилсэн нь захиалгыг тодорхой хувиар бууруулсан байх магадлалтай. Мөн “Хонда”-гийн HR-V маркийн шинэ загвартай ч төстэй гэж “гоочилж” байгаа аж. “Тоёота” корпорацийн захирал Акио Тойодагийн хэлснээр тус компани энэ шинэ загвараа 170 мянган ширхгийг үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Акио захирал C-HR загвартаа маш их найдлага тавьж байгаагаа хэлээд мэргэжилтнүүд өндөр үнэлгээ өгснийг нээлтийн үеэр онцолж байжээ.

Бартаат замд зориулсан тусгай тоноглол бүхий энэхүү автомашин нь жолоодлогын хүчтэй динамиктай юм байна. Тормозын сүүлийн үеийн технологийг шингээсэн ба үйлдвэрлэлийн явцад хийсэн бүхий л тестэд өндөр үнэлгээ авсан учир аюулгүй байдал, хурд хүчний тал дээр ямар ч алдаагүй. Зах зээлд 26 мянган еврогоор борлуулах бөгөөд үүнийг нь монгол төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 68 сая төгрөгийн үнэтэй гэсэн үг. Японы автомашины дуудлагын цахим хуудсууд дээр 2017 оны загвар нь өнгөнөөсөө хамаарч нэг сая 750 мянган иенээс 2.1 сая иений хооронд дуудагдаж байгаа юм байна. Үүнийг төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 38-46 сая төгрөг болно. Япон, Турк, Тайланд, Индонезийн салбаруудад C-HR-аа үйлдвэрлэж байгаа гэнэ. Таван хаалгатай, урдаа хөтлөгчтэй бөгөөд дөрвөн дугуйгаараа зэрэг мааждаг. 1.2 мотортой нь бензин хөдөлгүүртэй бол Индонезид үйлдвэрлэж байгаа нь 1.5 мотортой, мөн бензин хөдөлгүүртэй юм байна. Харин Америкийн зах зээлд гаргах загвар нь 2.0 мотортой бензинээр явдаг. Hybrid загвар нь 1.8 мотортойгоор тус тус үйлдвэрлэгдэж байна.

Тэнхлэг хоорондын зай нь 2.6 метр, урт нь 4.3 метр, өндөр нь 1.5 метр, өргөн нь 1.7 метр. Маш бага түлш зарцуулалттай учир C-HR машиныг залуу гэр бүл, хосууд, ганц бие хүмүүс, гэр бүлийн хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой гэж үзжээ. Гэхдээ дээрх хүмүүст л зориулсан гэж андуурч болохгүй. Өөрсдийн сонирхол, дуртай хэв маягаа хайж байгаа бол C-НR-ийн төрлүүдээс сонголт хийж болно. Уг машины гаднах байдал, зарим үзүүлэлтээрээ хоорондоо ялгаатай Металлик, Смарт, Стрийт, Спорт, Урбан, TRD Aggressive Style, TRD Extreme Style, Boost impulse, Элигант гэсэн есөн төрөл бий. Төрөл тус бүр өөр өөрийн онцлог шинж, давуу талтай аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *