Categories
мэдээ нийгэм

“Мэргэд гарахын орон”-ы модон барыг залах ёслол болов

ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн өвд бүртгэсэн “Мэргэд гарахын орон”-ы модон барыг сурталчлах батламжийг Үндэсний номын санд залах ёслол өнөөдөр боллоо.

Энэ үеэр “Монгол барын соёл ба Мэргэд гарахын орон” үзэсгэлэнг 30 орчим үзмэрээр дэлгэн үзүүлсэн байв. Мөн, “Цог цагийн хүрдэн” соёлын төвөөс хэрэгжүүлж буй Ганжуур, Данжуур төслийг танилцуулан сурталчлах зорилготой байв.

Төслийн хүрээнд тус төв нь Ганжуур, Данжуурын нийт 400 цуврал ботийг 300 хувь хэвлэж түгээх зорилготой байгаа бөгөөд одоогийн байдлаар 280 ботийг буюу нийт хөрвүүлгийн 70 хувийг, 120 боть буюу хэвлэх ажлын 30 хувийг гүйцэтгээд байгаа аж.

Монгол Улсын Үндэсний номын сангийн дарга Б.Ичинхорлоо: “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг” бол чухамдаа ердийн нэг орчуулгын толь ч биш, төвд “Ганжуур”, “Данжуурыг” орчуулахад зориулсан дорно дахины их, бага арван ухааны нэр томъёоны журамласан толь юм.

Дэлхийн оюуны хосгүй үнэт бүтээл болсон Ганжуур Данжуурын урт удаан хадгалж хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, үр хойчдоо үлдээх, монгол түмний оюуны давтагдашгүй их өвийг уламжлан авч улам хөгжүүлэх, нийтээрээ үзэж судлах зорилгоор “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв, ШУА, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, МУИС, МУБИС, Үндэсний номын сан зэрэг эрдэм шинжилгээ, боловсролын салбарын төлөөллөөс бүрдсэн Эрдмийн зөвлөл хамтран Ганжуур, Данжуурыг орчин цагийн кирилл бичигт буулгах нөр их ажил болох “Монгол Ганжуур, Данжуурын хөрвүүлэг” төслийг 2010 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлж байна” гэлээ.

Шинжлэх ухааны нэвтэрхий толь болох Монгол Ганжуур Данжуур нь монгол хүмүүн бүрт үндэстний бахархал, итгэл үнэмшлийг бий болгох, монгол хэл бичгийн сонгодог найруулгатай танилцах, ертөнцийн зүй тогтол хийгээд аливаа юмсын чинад инад утга учрыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *