Сүүлийн саруудад менингит буюу менингококкт халдварын өвчлөл ихэсч, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх, зарим тохиолдолд хүндрэх хандлагатай байгаа тул Халдварт өвчин судлалын үндэсний төвд, менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эхэлжээ. Дархлаажуулалтад зургаан сартайгаас дээш бүх насныхан хамрагдах боломжтой гэнэ. Лхагва, баасан гаригт 09:00-14:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд уг вакциныг хийж байна. Сайн дурын дархлаажуулалтад хамрагдах бол вакцины үнэ буюу 6000 орчим төгрөг төлөх аж.
Мөн ХӨСҮТ-өөс урьдчилан сэргийлэх вакциныг тархвар судлалын заалтаар хийж байна. Голомтод байгаа хүмүүсийн хавьтлыг судалж байгаад вакцин хийж байгаа ажээ.
Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
Хэн өвдөх вэ?
Бүх насны хүн өвчлөх боловч 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
- Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
- Биеээр цусархаг тууралт гарах
- Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
- Олон удаа бөөлжих
- Хоолонд дургүй болох, ядарч сульдах
- Татах
- Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
- 1 хүртэлх насны хүүхдэд зулай түмбийж чинэрэх