Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэдээлэл, сурталчилгааны үндэсний цахим платформтой болъё

Монголын мөнгө гадагшаа урсаад дууслаа гэж хэн хүнгүй л халагладаг. Импорт буюу гадаадаас авдаг бараа бүтээгдэхүүнд жилд долоон тэрбум ам.доллар зарцуулдаг ард түмэн, бид. Ашигт малтмалыг эс тооцвол үндэсний том үйлдвэрлэл маш бага. Хил хаагдангуут гурил, махнаас бусад нь хомсдоод ирдэг. Хүнс, бараа бүтээгдэхүүнээс гадна сав баглаа боодол, эм тариа гээд дийлэнх нь импортынх. Ийм байхад нэмэгдээд цахим орчинд монголчууд гадны аварга компаниудад асар их мөнгө төлж байна. Google, Ya­hoo, facebook, Telegram, Twit­ter, Tiktok, Viber, Instagram гээд гадны том, том компаниудад монголчуудын төлж байгаа мөнгөн дүн одоогоор яв цав гардаггүй. Өөрөөр хэлбэл, ийм бүртгэл манайд байдаггүй. Хоёр жилийн өмнөх нэг тоо байна. Монголын компаниуд зөвхөн Facebook компанид зар сурталчилгаанд зургаан сая гаруй ам.доллар төлсөн байна. Мэдээж, энэ тоо өнөөдөр хэдэн арав, зуу дахин өссөн. Одоо хувь компани бүр бие биенээсээ өрсөн тийшээ мөнгөө барин гүйж эхэллээ. Байгууллага болон шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, элдэв контентоос гадна, ажлын байрны зарлалаа хүртэл дээрх аварга компаниудад мөнгө төлж гаргадаг. Нэг удаа гарч байгаа үнийн дүн нь бага мэт боловч олон удаагийн давтамжтай үйлдлүүд нь нийлээд асар их мөнгөн дүнд хүрч байна.

Монголчууд өөрсдөө мэдээлэл, сурталчилгааны үндэсний цахим платформтой болох цаг болсон гэдгийг дээрх жишээ харуулж байна. Гадагшаа урсаж байгаа зар сурталчилгааны асар их ам.долларын нэгээхэн хэсгийг дотооддоо авч үлдэх зайлшгүй шаардлага байна. Мэдээж компани, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд сурталчлахыг хааж боох гэсэнгүй. Харин дотоодынхоо зах зээлд сурталчилгаа хийхдээ гадны компанид мөнгө төлөх биш үндэсний цахим платформыг бий болгоё оо л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчууд монголчууддаа мөнгө төлдөг болъё гэсэн санаа. Дэлхийг хэрэн бүрхсэн асар том сүлжээтэй Google, Yahoo, facebook, Telegram, Twitter, Tiktok, Viber, Instagram гэх мэт компаниуд газрын мухарт байх, гуравхан сая хүн амтай Монголыг хэт анзаарч хардаг нь юу л бол. Хэлний асуудал ч байдаг байх, мөнгө төлсөн л бол юу л бол юуг гаргаж болж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Муур хүүхдийн хамар иджээ” гэсэн гарчигтай мэдээлэл давалгаалан тархаж, хийрхүү ард түмэн нь золтой л бүх муураа нухчихсангүй. Амьд хүнийг үхсэн болгож постолно, алдар нэрийг нь гутаана. Бүгдийг цахим орчинд төлбөр төлж давтамжтай түгээж байна. Гэтэл англи, франц гэх зэрэг дэлхийн хүмүүсийн ч чамгүй олон хүн ярьдаг хэлээр гардаг мэдээлэл асар их цензуртай байдаг. Дахиж давтаж нягтладаг биз. Энэ мэт олон зүйлээс үүдээд харахад гадны платформ дээр мөнгө төлж гаргаж байгаа санаатай, санаандгүй олон мэдээлэл нийгмийн тогтворгүй байдлыг ч үүсгэх эрсдэлтэй юм. Реклам, зар сурталчилгааны асар их мөнгөн урсгал гадны зах зээл рүү ингэж урсаж байгаа нь үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч сөхөрч унах суурь болж эхэлжээ. Бүх эдийн засаг дэлхийн аварга компаниуд руу урсаж байхад ард нь үндэсний гэх хэдэн хэвлэл, мэдээлэл хаалгаа барих өнгөндөө орж байна.

Тусгаар тогтносон улс л юм бол тусгаар улс шиг байх ёстой. Үндэсний хэвлэлтэй, мэдээллийн үндэсний платформтой байж, сурталчилгааны мөнгөн урсгалын тодорхой хувь нь дотоодоо эргэлдэж байх ёстой. Топ гэгддэг томхон компаниудын нийгмийн хариуцлага энэ чиглэлд төвлөрч, үйл хэрэг, үзэл санаа нь үндэсний шинжтэй, эх орондоо, элгэн монголчууддаа ач тустай байх хэрэгтэй. Түүнээс биш хог цэвэрлэх, хоол унд тараах гэх мэт аахар шаахар зүйлээр нийгмийн хариуцлагаа тахлаад байж болохгүй. Том компаниуд үндэсний үзэл гаргаж сурах, дадах хэрэгтэй болжээ.

Амар хялбараар нь зар сурталчилгаагаа гадны компаниудад мөнгө төлж хийлгэх нь одоодоо үр дүнтэй байгаа мэт боловч ганц нэг жилийн дараа гэхэд үндэсний гэх хэвлэл мэдээлэлгүй болох нь. Эцсийн дүндээ монголчуудын хөлс хүчээр бий болсон мөнгө аварга компаниудын санхүүд хувь нэмэр оруулснаар үндэсний гэх бүхнээ залгиж байна. Уг нь гадагшаа урсах тэр их мөнгө Монголын газар шороон дээр, монгол хүний хөлс хүчээр бий болсон хөрөнгө билээ.

Цахим сүлжээнд од гэгддэг хүмүүс ч мөн анзаарч харах л хэрэгтэй. Жишээ нь, инстаграммын од гэгддэг гоё залуу, царайлаг авьяаслаг эмэгтэй Монголдоо л од байдаг. Гадагшаа буюу дэлхийн долоон тэрбум хүний дунд орвол хэн ч танихгүй байдаг л нэг ази залуу болж хувирна. Жиргээний олон мянган дагагчтай нөлөөлөгч залуус байна. Мөн л Монголоос өөр оронд тэднийг хэн ч ингэж дагаж, хүлээн зөвшөөрөхгүй. Тэднээс ухаантай, тэднээс өндөр боловсролтой, эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн залуус дэлхийгээр нэг байна. Тиймээс мэдээллийн үндэсний сүлжээтэй, хүчирхэг хэвлэл мэдээлэлтэй байх нь цахим оддын хувьд наад талдаа өөрийнх нь карьерт шууд нөлөөтэй гэдгийг ойлгож, энэ талаар уриалж байх ёстой. Нөгөө талаар, гадагшаа урсах зар сурталчилааны асар их мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх нийт монголчуудын эрх ашигт нийцсэн зүйл хийж байгаагаа мэдэж ухамсарлаж байх ёстой юм.

Google, Yahoo, facebook, Telegram, Twitter, Tiktok, Viber, Instagram гээд маш өргөн сүлжээтэй бэлэн платформууд байхад мэдээллийн үндэсний платформ хөгжихгүй гэх хүмүүс байдаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч үл тоодог нөхөд бий. Тэгвэл Монгол тусгаар улс шиг улс байхын тулд үндэсний гэх юм бүхэнтэй байх ёстой. Ялангуяа хэвлэл мэдээлэлгүй бол тусгаар улс үндэстэн гэж хэлэхэд тун хэцүү болно. Үндэсний гэх юм болгон руугаа анзаарч анхаарч, монголчууд монголчууддаа хөрөнгө оруулалт хийж, бие биенээ дэмжиж дэмнэж байхгүй бол дэлхийн хязгааргүй, хатуу харгис зах зээлд нэг л мэдэхэд бид уусан шингэнэ.

О.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *