Categories
мэдээ нийгэм

Математикийн улсын 54 дүгээр олимпиад Сайншанд хотод болж байна

ЗурагМатематикийн улсын 54 дүгээр олимпиад тавдугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэллээ.

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласны дагуу энэ удаагийн олимпиадыг Хатанбулаг сумын уугуул Монгол Улсын гавьяат багш У.Доёдын нэрэмжит болгон зохион байгуулж буй бөгөөд олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй сурагч, багш нар оролцож байна.

Үүнээс өмнө 2009 онд Математикийн улсын 45 дугаар олимпиадыг Дорноговь аймаг зохион байгуулж 21 аймгийн 300 гаруй сурагч оролцсоноос Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 10а ангийн сурагч Түвшин-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байжээ.

Монгол Улсын гавьяат багш У.Доёд 1929 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн бөгөөд 1955 онд МУИС-ийн физик, математикийн ангийг дүүргэж улмаар ОХУ-ын Москвагийн Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. 1955 оноос Өвөрхангай аймгийн төвийн ерөнхий боловсролын сургууль, УБДС-д багш, 1962 оноос МУИС-д олон жил багшилжээ.

Олимпиадын нээлтийн ажиллагаанд БСШУС-ын сайд Г.Ганбаяр, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монгол Улсын гавьяат багш У.Доёд болон албаны хүмүүс оролцлоо. Олимпиад дөрвөн өдөр үргэлжилнэ. Математикийн улсын олимпиадад Дорноговь аймгийн сурагч түрүүлбэл их сургуульд элсэн суралцах төлбөрийг 100 хувь даана гэж УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан нээлтийн үеэр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *