Categories
мэдээ нийгэм

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хоёр өдрийн туршид явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн командлагчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо.

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээний ротын төрөлд тэргүүн байрт ахмад Б.Цээноров (350) захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын рот, дэд байрт ахмад Г.Мөнхболд (123) захирагчтай Хуурай замын цэргийн командлалын рот, байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд тэргүүн байрт дэслэгч Б.Отгон-Од (330) захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын салаа, дэд байрт ахмад Т.Бямбацогт (120) захирагчтай Хуурай замын цэргийн командлалын салаа, хугацаат цэргийн алба хаагчдын салааны төрөлд тэргүүн байрт дэслэгч А.Ууганбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салаа, дэд байрт ахлах дэслэгч Ч.Сүхбат захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салаа, гутгаар байрт дэслэгч Б.Даваабаатар захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн салаа шагналт байруудыг эзэллээ.
Харин эмэгтэй цэргийн алба хаагч тасгийн төрөлд тэргүүн байрт ахмад Л.Саранзаяа (311) захирагчтай ЗХЖШ-ын тасаг, дэд байрт ахмад Б.Хандсүрэн (330) захирагчтай Тусгай хүчний цэргийн командлалын тасгийнхан шалгарлаа.
Тэмцээний хаалтын хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарын төрийн цэргийн байгууллага болон Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалын удирдлагууд оролцсон юм.
Тэмцээнд тэргүүлсэн алба хаагчдад шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Л.Болд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит 2021 оны марш, тусгай бэлтгэлийн аварга рот, салаа, тасаг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан болон хүчтэй өрсөлдөгч байж чадсан нийт тамирчдадаа халуун баяр хүргэе!
Зэвсэгт хүчний 100 жилийн түүхт ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан боловч дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан төрийн цэргийн байгууллагуудын баг, тамирчид оролцох боломжгүй болсон ч хязгаарлагдмал хүрээнд энэхүү тэмцээнээ амжилттай зохион байгуулж явууллаа.
Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал, хорио цээрийн дэглэм, гүйцэтгэх үүргийн онцлогоос шалтгаалж төрийн цэргийн байгууллагуудын баг, тамирчид оролцох боломжгүй болсон ч дараа дараагийн тэмцээн, уралдаанд хүчтэй өрсөлдөгч байж, спортын өндөр амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит энэхүү тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдол, оролцох бүрэлдэхүүний тоо жилээс жилд улам бүр өсч, зохион байгуулалтын хувьд ч илүү боловсронгуй, ил тод, нээлттэй, шударга болсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь цэргийн сургалт бэлтгэлийн чанар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхи, мэргэжлийн ур чадварт бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг олгож, цэргийн алба хаагчдын эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлын томоохон сорилт, шалгуур болдог чухал ач холбогдолтой юм” гэсэн юм.
Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээний журамд эзлэгдсэн объектыг чөлөөлөх, хэвтээ байдлаас гранат шидэх, буудлагын шинэ төхөөрөмжүүд ашиглах зэрэг өөрчлөлтүүд орж, хүн хүчний хувьд салаанаас рот хүртэл бүрэлдэхүүнтэй болж өссөн онцлогтой явагдаж өндөрлөв. Тэмцээнд ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын харьяа ангиудын баг тамирчид байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, бие бялдар, сэтгэл зүйн өндөр ачаалал дор бэлтгэл сургуулилтаа хийж, тавьсан зорилтоо бүрэн хангасан нь тэмцээний үр дүнгээс харагдаж байсан юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо

Хууль сахиулахын их сургуулийн 2017 оны Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг 04 дүгээр сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн Улиастайн “Хар усан тохой” хэмээх газар зохион байгууллаа.

Энэхүү “Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” нь жил бүр уламжлал болгон зохион байгууладаг бөгөөд Их сургуулийн албан хаагч, сонсогчдын алба хаагчдаас цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан, аливаа бэрхшээлийг даван туулах, өөрийгөө удирдан захирах арга барилыг эзэмшүүлдэг ач холбогдолтой юм.

Энэ удаагийн тэмцээнд нийт 16 багийн 300 гаруй багш, албан хаагч,сонсогчидоролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг гарааны өмнөх ажиллагаа, дасгал нормативууд, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, норматив дасгалуудыг гүйцэтгэх цэг гэсэн төрлөөр зохион байгуулсан бөгөөд баг, тамирчид 10 киллометрийн маршийн замыг туулж барианд орж ирэхээр зохион байгуулсан.

Тус тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын сонсогчдын 8 баг өрсөлдсөнөөс цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг тэргүүн байр эзэлж, ахлах дэслэгч Л.Зэсшагай ахлагчтай Хилийн сургуулийн хоёрдугаар баг хоёрдугаар байр эзэлж, ахлах дэслэгч П.Насанжаргал ахлагчтай Хилийн сургуулийн нэгдүгээр баг гуравдугаар байр эзэллээ.

Хууль сахиулахын их сургуулийн багш, албан хаагчдын дунд зохион байгуулсан Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд хурандаа Ж.Өвгөнбүргэд ахлагчтай Эрдэм шинжилгээ инновацийн газар, Ахисан шатны боловсролын сургуулийн баг тэргүүн байр эзэлж, цагдаагийн дэд хурандаа С.Нямжав ахлагчтай Ахлагчийн сургуулийн баг хоёрдугаар байр эзэлж, дэд хурандаа М.Мэнд-Амар ахлагчтай Хилийн сургуулийн баг гуравдугаар байрт шалгарсан юм.

Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд багийн нийлбэр дүнгээр хурандаа В.Жавхланцогт захиралтай Хилийн сургуулийн баг тэргүүн байр, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар захиралтай Цагдаагийн сургуулийн баг хоёрдугаар байр, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар захиралтай Ахлагчийн сургуулийн баг гуравдугаар байр тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

Энэ жилийн Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд сонсогчид төдийгүй багш, албан хаагчдаас бүрдсэн олон баг оролцсон нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *