Categories
мэдээ цаг-үе

Маргад эрдэнийн Мьянмар улсаар…

-АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН АУН САН СУ ЧИ АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТОМ ДААЛГАВАРТАЙ СУУНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад энэ сарын 14-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийгээд ирлээ. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод нэгэн жарны түүхийг үзсэн ч тэгтэл ойртон дотноссон нь үгүй. Үнэндээ асуудал нь Мьянмар улс өөрөө дэлхийн улс орнуудаас тасархай, зожиг явсаар ирсэнтэй нь холбоотой юм. Олон жил цэргийн дэглэмтэй явсан болохоор дэлхийн улс гүрнүүдэд нээлттэй байсан нь үгүй. Багадаа бирм ардын үлгэрүүд гэж уншдаг байсан сүүлд гэрийн хорионд байсан улс төрийн хоригдол Аун Сан Су Чигийн дуулианаас өөрийг бид бага сонссон нь аргагүй юм даа.

Бидний мэдэх Бирм буюу Мьянмар улс шилжилтийн жинхэнэ торгон үе дээрээ явна. Тийм ч учраас тэдэнд социалист тогтолцооноос ардчилсан зах зээлт улс болж чадсан Монголын туршлага ихээхэн хэрэгтэй биз ээ. Олон жилийн турш нэг хэв маягаар явж ирсэн хүмүүс тэр сэтгэлгээнээсээ суллагдана гэдэг хамгийн амаргүй байдаг. Бид ч тийм замналыг тойроод биш туулаад гарсан хүмүүсийн хувьд гадарлаж л байгаа. Эрх чөлөөтэй болсноо мэдрэх гэж цаг алдана, хэт чөлөөтэй болохоороо даваадуулж даварна. Нэг зөв голдрилдоо орох гэж тун амаргүй дээ. Мьянмаруудын хувьд шилжилтийн үеэ туулах, тэгээд ардчилсан улс орон болох гэж тун урт зам байна даа гэж эрхгүй бодсон билээ. Тэр тусмаа цэргийн дэглэмт орноос шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд анх удаа энэ оронд төрийн айлчлал хийж байсан. Харин энэ удаагийн ажлын айлчлалаар нийслэл Нэйпидо хотод хүрэлцэн ирсэн юм.

Нэйпидо нь хаадын хот гэсэн утгатай. Хаадын энэ хотод хүн амьтны барааг олж харахад тун бэрх бололтой юм. Уг нь 54-55 сая хүн амтай энэ улсад хүн гэж багширч баймаар. Гэвч Нэйпидод замаар мотоцикль дээр сундалдсан хоёр хүн, замын хажууд цэцэрлэгжүүлэлт хийж байгаа хоёр, гурван хүнийг харахаараа баяр болж байсан нь тэднийгээ энгийн ард түмэн гэж ойлгож байсных л даа. Бусад бидэнтэй таарсан хүмүүс албан ажилтнууд учраас бараг хүний тооноос хасчихсан гэх үү дээ. Нэйпидо бол 2005 оноос Мьянмарын албан ёсны нийслэл хот болсон, 2002 оноос цэргийнхний хүчээр байгуулсан хот юм. Ерөнхийдөө цэргийн дэглэмт улс орны эрх баригчид ард түмнээсээ зугтаж өөрсдөдөө бариулсан цайз гээд ойлгочиход болно. Уг хот 4800 кв.км газар нутгийг эзлэн орших бөгөөд америкчууд манай Манхатенээс 78 дахин том гэж уурсан бичсэн нь бий. Гэхдээ уурлаж гайхашрах гол шалтгаан нь тэр хот нэг л хиймэл, амьдрал өрнөхгүй байгаад болов уу. Энэ хотод байх Ерөнхийлөгчийн ордон руу явахад 20 эгнээ замаар явж очно гээд бод доо. Онгоц буулгахад зориулж хийсэн том зам гэх. Гэхдээ тэр зам дээр бидний яваа цуваанаас өөр ямар ч автомашин явахгүй нь гунигтай. Бид АСЕМ болохоор яана даа, энэ зам гацаа болоод баларна даа гэж зовж байгаа бол санаа зовоох машин тэрэггүй зам байна гэдэг бүр ч эмгэнэлтэй юм билээ. Цэргийн эрх мэдэлтнүүд хэзээ нэгэн цагт ард түмэн босоод ирвэл гэж болгоомжлон тэрхүү ордноо байгуулсан нь харваас илт. Эртний цайзууд шиг хэдэн давхар далан түүний дээрх төмөр гүүрийг давж байж ордонд хүрнэ. Асуудал босоход тэр далан усаар дүүрч, төмөр гүүр нь дэлбэрдэг эсвэл эвхэгддэг байхаар хийсэн бололтой. Нейпидо хот 24 цагийн цахилгаантай байдаг энэ улсын цорын ганц хот гэнэ. Ерөнхийлөгчийн өргөө 100 өрөөтэй гэгддэг. Баруунд энэ ордныг бирм дээвэртэй, сталинч маягийн барилга гэдэг юм билээ. Ерөнхийдөө асар их эрх мэдлийг дагалддаг тансаг хэрэглээ тэндээс харагдана. Энэ ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяутай албан ёсны хэлэлцээ хийж, соёлын салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгч Тин Чяу бол 1946 оны хүн. Цагтаа Япон, АНУ-д боловсрол эзэмшиж, хатагтай Аун Сан Су Чигийн ойрын хүн байсан юм билээ. Түүнийг хоригдож баригдаж явахад өмнөөс нь гаднах ажлуудыг нь амжуулж явсан нэгэн гэгддэг. Тиймээс түүнд Ерөнхийлөгчийн албыг хаших боломж ирсэн ч байж болох юм. Мөн түүнтэй уулзсаны дараа манай Ерөнхийлөгч хатагтай Аун Сан Су Читэй уулзсан. Цаг эргэж, төр өөрчлөгдсөнөөр цэргийн эрх дархтнуудын эсрэг гэрт хоригдож байгаагаараа л тэмцэж байсан эрхэм хатагтай эрх мэдэлтэй болжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Мьянмарын Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дөрөвдүгээр сард Төрийн зөвлөхөөр томилогдон ажиллах болжээ. Төрийн зөвлөх гэсэн алба бол ерөнхийдөө манайхаар Ерөнхий сайд гэсэн үг. Тэгэхээр их дайны дараахь нам гүм мэт тэгсэн мөртлөө буцалсан их ажлыг гардан хийх хүн энэ эмэгтэй болсон гэсэн үг. Манай Ерөнхийлөгчид бараалхахаар зөөлөн, зөөлөн алхлах түүнийг харахад яавч дал гарсан мэт харагдахгүй. Эрх мэдлийг аваад өөртөө итгэлтэй ч болсон мэт, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж ялж чадсанаараа залуу ч болсон мэт. Ойр ойрхон гишгэлсээр тэгсэн атлаа донжтой биеэ хаялсаар явж өнгөрсөн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, төрийн зөвлөх Аун Сан Су Чи нар эртний танилууд. Түүнийг гэрийн хорионд байхад төв Азийн элгэн дэх нэгэн ардчилсан улсын Ерөнхийлөгч бусад улсын тэргүүнүүдэд хандан уриалга гаргаж, суллуулахыг, цэргийн эрх мэдэлтнүүдэд шахалт үзүүлэхийг уриалж байсныг тэр мартдаггүй байж болох юм. Дараа нь олон удаагийн уулзалтууд дээр тэр хоёр элгэмсэг тэврэлдэн уулзалддаг байсан. Харин энэ удаад өөрчлөх гээд хүсээд байсан улсынхаа толгойг мэдэж, эрх мэдлийг авсныхаа дараа тэд уулзаж байна. Энэхүү уулзалтын маргааш хатагтай Аун Сан Су Чи Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зоог барьсан бөгөөд анх удаа гэртээ гадны төрийн тэргүүнийг урьсан нь манай улсын Ерөнхийлөгч болж түүхийн хуудаснаа бичигджээ. Энэ нь олон жил хаалттай байсан тус улс бусад улс гүрнүүдэд нээлттэй болохын нэгэн том эхлэл болсон биз ээ. Ерөнхийдөө ойрын үед нээлттэй Мьянмарт ирэх гадны зочид ихсэх болжээ. Аун Сан Су Чи олон жил ардчиллын төлөө тэмцсэн. Гэхдээ тэр жагсаал хийж, цуглаан удирдаж байгаагүй. Зүгээр л гэрээсээ гарахгүйгээр, хоригдож байснаараа тэмцэж буйгаа харуулж байлаа. Нутаг руугаа ирвэл хоригдоно гэдгээ мэдсээр байж ирснээрээ тэр тэмцэгч гэгдэж, Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ. Английн колониос гарч, тусгаар улсаа дөнгөж тогтоож ядаж байсан тэр үед нь цэргийн эрхтэн дархтнууд дэглэмээ тогтоосон. Аавыг нь сайдуудынх нь хамт хурлын танхимд буудаж хороогоод цэргийн хүчээр авсан тэр засаглалыг унагахын төлөө тэр дуугүй хоригдож тэмцэж байлаа. Харин одоо түүнд хүссэн эрх мэдэл нь иржээ. Мориноосоо буугаад төрийг эмхлэх амаргүй гэдгийг мэдэрсэн он жилүүд 71 настай энэ эмэгтэйд тулгараад байгаа нь түүний харцнаас анзаарагдах шиг болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд бизнес форумаас гадна “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” уул уурхай, эрдэс баялгийн сайд нарын олон улсын семинарт оролцсон юм. Монгол, Мьянмар, Киргиз гээд уул уурхайн ашигт малтмал ихтэй түүнийгээ хэрхэн зөв ашиглах талаар толгой гашилгаж байгаа, асуудал адилтай орнуудын төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ “Монгол Улс бол байгалийн баялгаар дэлхийд тэргүүлэх арван орны нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Гэвч энэ баялгийг зөв зохистой олборлож, менежмэнт хийнэ гэдэг бидний хувьд том сорилт болоод байна. Энэ салбарт бид чамгүй туршлага хуримтлуулж, алдаж оносон нь ч бий. Монголын эдийн засаг өсөлт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байсан удаатай. Тухайн үед Монголын төсөв эрс нэмэгдэж, тэр хэмжээгээр зардал ч өссөн. Гэвч Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ буурсан нь манай орны өсөлт хөгжилд ч нөлөөллөө. Үүнээс хойш бид чамгүй бэрхшээлтэй тулгарсаар өнөөг хүрчээ. Ингээд бид байгалийн баялгаа зөв зохистой ашигласан Норвеги тэргүүтэй улс орны туршлага, шийдлийг судалсан. Энэ салбарт бид бусад улс орны туршлага судалж, баялгийн сан байгуулах, улс төрийн манлайлал гаргах гэх мэт ажил чухал болохыг ойлгосон. Байгалийн баялгаас ашиг ихээр орж ирэх үед Монголын улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө амалж, хөрөнгийг их хэмжээгээр зарцуулснаас бид хатуу сургамж авсан. Уул уурхайн ашиг орлогын зарцуулалтыг оновчтой болгохоос гадна сайн засгийг хөгжүүлэх, авлигыг бууруулахгүй бол баялгийн зөв зохистой менежмэнт хийхэд бэрх юм гэдгийг бид мөн ойлгосон. Ингээд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн, авлигын эсрэг хуулийг чангатгаж, Авлигатай тэмцэх газрыг байгуулж, хуулийн иж бүрэн шинэчлэлийг эхлүүлсэн юм. Бид чухам ямар учраас энэ бүх өөрчлөлтийг хийх болов? Хэрэв улс орон, ард иргэдийнхээ амьдралыг амгалан тайван байлгая гэвэл илүү нээлттэй, ил тод байх хэрэгтэй. Авлигатай тэмцэх нь Монголд зөвхөн төр засгийн биш бүх нийтийн хийх ажил болоод байна. Аливаа улс оронд аюул занал гаднаас биш дотроос нүүрлэдэг. Хөрөнгө мөнгө ихтэй дээрээс муу засаглал, менежмэнттэй бол бэрхшээл учирна. Монголчууд бид бусдад зааж сургах хүсэлгүй. Харин бидэнд бусадтай хуваалцах сайн сургамж, туршлага бий. Монголын ардчиллыг хэрхэн хөгжүүлсэн, улс орноо хэрхэн нээлттэй ил тод болгосон, иргэний оролцоог хэрхэн нэмэгдүүлсэн, энэ бүхнийг хэрэгжүүлэх явцад бид чухам ямар саад бэрхшээлтэй тулгарснаа бид бусадтай хуваалцахыг эрмэлзэнэ” хэмээлээ. Мьянмар бол ашигт малтмалын асар их нөөцтэй орон. Гайхалтай эрдэнэсийн чулуунууд рубин, сафир, очир алмаз энд элбэг. Бараг л чулуу болгон нь үнэт чулуу байдаг гэхэд хилсдэхгүй газар нутагт мьянмарчууд амьдарч байна. Маргад эрдэнийн орон гэсэн үг. Гэхдээ тэд дэлхий ертөнцөөс хаалттай байж ирсэн учраас өөрсдөө ашгаа олохоос илүү хөрш зэргэлдээ тайландчуудад олз болдог байв. Тэднээс хямдхан аваад цааш үнэт чулууны хэргийг гаргаж худалдах нь элбэг гэдэг. Мөн хүний эрх, хөдөлмөр мөлжих явдал газар авснаар дэлхийн томоохон брэндүүд эндээс рубин чулуу авахаас татгалзах болсон. Бас энэхүү газар нутагт дэлхийн цагаан будааны дийлэнхийг тариалдаг. Цагаан будаатай зэрэгцээд хар тамхи тариална. Дэлхийн хар тамхины зах зээлд 25 хувь орчмыг нь нийлүүлдэг улс эднийх. Олон улсад хаалттай байх шалтаг шалтгаан нь ч энэ байсан байх. Одоо 2015 оны сонгуулийн үр дүнд хатагтай Аун Сан Су Чигийн нам парламентын хоёр танхимд ялалт байгуулснаар эдийн засгийн хориг арга хэмжээнүүд цуцлагдаж эхэлжээ. Тэгэхээр бирмчүүдийн явж ирсэн арга зам ч өөрчлөгдөж таарах болов уу.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *