Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Тус үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан “БСШУСЯ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийг үргэлжлүүлж ажилласны үр дүнд есдүгээр сарын 3-наас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаят албан ёсоор зогсож байгааг мэдэгдсэн. Есдүгээр сарын 17-ны Даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Ажил хаялт бол ингээд зогсож байна. Харин хэлэлцээр үргэлжилж 2019 оны хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрт ямар санал, шаардлага оруулахаа ярилцана” гэсэн юм.

БСШУСЯ-ны ҮЭ “Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. Боловсрол шинжлэх ухааны ажилтнуудын цалин бусад салбарынхаас доогуур байсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо. Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар 2019 онд багтаан нэмэх тохиролцоонд хүрлээ. Мөн энэ удаагийн ажил хаялтад оролцсон хүмүүст сахилгын арга хэмжээ авахгүй, цалинг нь олгоно” гэв.

“2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Тиймээс яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа” хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *