Categories
мэдээ нийгэм

Маргааш замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэдийн саналыг авна

Маргааш “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” сэдэвт зөвлөгөөн болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахын тулд нийслэлийн ИТХ-аас уг зөвлөгөөнийг зохион байгуулах юм.

Улаабаатар дэлхийн 415 дахь том хот олон улсын жагсаалтад ороод удаж буй. Автомашиныг улсын дугаараар нь ангилж буй ч өдөрт ойролцоогоор 370 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэх статистик бий. Орон нутгаас Улаанбаатарт ирсэн тээврийн хэрэгслийн тоог оролцуулбал уг тоо нэмэгдэнэ. Хэдийгээр жил бүр авто замуудыг өргөтгөж, шинийг тавьж байгаа ч тээврийн хэрэгслийн тоо олширсны улмаас ачаалал нэмэгдээд буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд 70 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолд тусгасан ачаалал ихтэй уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ тавьж, дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох, борлуулалт, түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар явуулах, замын автозогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг ажлын хэсэг судалж, хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авч болох талаар уг зөвлөгөөний үеэр иргэдийн саналыг авах юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа эл зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон холбогдох бүх албаныхан оролцох аж. Зөвлөгөөнд оролцож буй бүх хүн саналаа хэлэх боломжтой.

Зөвлөгөөний онцлог нь өмнөх жилүүдэд хийсэн ажлаа бус, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар хэлэлцэхэд оршиж буй. Тухайлбал, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах нь нэн тэргүүний ажил хэмээн албаны хүмүүс үзжээ. Гадаадын хотын цөөн хэдэн баримтыг дурдъя. Японы Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, зургаан хувь нь автомашинаар зорчдог аж. БНХАУ-ын нийслэл Бээжингийн иргэдийн 34 хувь нь автомашин унадаг гэнэ. Гэвч Улаанбаатарын иргэдийн 70 орчим хувь хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролдог гэнэ. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэр, тухтай автобусаар үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг нийслэлийн ИТХ зорьж байгаа ажээ. Дээрх зөвлөгөөний үеэр нийслэлийн Тээврийн газарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, BRT буюу тусгай замын автобус явуулж эхлэх гээд цаашид төлөвлөж буй арга хэмжээгээ танилцуулах гэнэ. Мөн автобусны чиглэл, маршрут зэрэг зөв зохион байгуулалтад хотын иргэдийн саналыг тусгах аж. Улмаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэлэлцэж, ажил болгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *