Categories
мэдээ нийгэм

Маргааш Сүхбаатарын талбайд олон улсын йогийн өдрийг тэмдэглэнэ

Энэтхэг улсын ЭСЯ-наас энэ сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын талбайд Олон улсын йогийн өдрийг зохион байгуулна. Энэтхэг улс 2014 онд анх Йогийн өдөртэй болох санаачилгыг НҮБ-д гаргасан юм. Энэхүү хүсэлтийг дэлхийн 177 орон хүлээн зөвшөөрсний дагуу НҮБ-аас зургадугаар сарын 21-ний өдрийг Йогийн өдөр болгон 2015 оноос тэмдэглэдэг болсон түүхтэй.

Эл өдрийг Монгол Улс мөн 2015 оноос тэмдэглэж ирсэн. Энэ жилийн Йогийн өдрийг угтаж тус ЭСЯ-наас төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Монголын Хүүхдийн ордонд Йогийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн харуулж буй. Түүнчлэн Улаанбаатар хот дахь Йогийн төвүүд өөр өөрсдийн арга хэмжээг явуулах юм. Өдгөө Улаанбаатар хотод 30 гаруй йогийн төв ажиллаж байна.

Энэтхэгийн ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга ноён Рави Шанкер Гоел “Йог бол эрүүл бие, саруул ухааныг тэтгэдэг. Үүнээс гадна бөмбөрцгийн эв нэгдэл, энх тайвныг цогцлооход томоохон түлхэц болох систем юм. Иймд Йогийн Олон улсын өдрийн арга хэмжээнд олон хүн ирж, уламжлалт йогийн талаар илүү өргөн хүрээнд ойлголт аваасай гэж хүсч байна” хэмээн онцолсон юм.

“Йог хийснээр хувь хүнд тайван байдлыг авчирдаг. Хувь хүн тайван амгалан байна гэдэг гэр бүл амгалан байх үндэс юм. Гэр бүлийн уур амьсгалаас хамаарч тухайн орчин тойрны хүмүүс амар амгаланг мэдэрнэ. Олон нийт тайван байснаараа нийгэмд эв нэгдэл бий болдог. Энэ жилийн хувьд Энэтхэгээс мэргэжлийн багш хүрэлцэн ирж, зөв йог гэж юу болох, зөв байрлал ямар байхыг зааж сургах юм. Өөрөөр хэлбэл, бидний энэхүү арга хэмжээний гол зорилго нь йогийг уламжлалт байдлаар нь иргэдэд хүргэх явдал юм. Түүнчлэн ЭСЯ-наас уламжлалт йогийг дэлгэрүүлэх үүднээс тодорхой ажлуудыг зохион байгуулж байна” хэмээн тэр ярьсан юм. Йогийн өдөр “Эв нэгдэл-Энхтайваны төлөө” уриан дор болдог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *